Утсаа хаясан хүний өчил

Идэвхтэн блогчин байх үедээ хаана л урлаг уран сайхан, уулзалт семинар, шоу тоглолт, үзэсгэлэн худалдаа байна, түүнийг очиж сонирхдог байлаа. Тухайн үед Улаанбаатарт шинэ соргог зүйл зохиогдох нь ч цөөн байсныг хэлэх үү, татлаа түтлээгүй завтай байсныг ч хэлэх үү, шар сонины сэтгүүлч аятай л явдаг байв. Мэдэхгүй чадахгүй ч юм гэж байхгүй, хотын тэн хагасыг жич таних нь холгүй сүр дуулиантай амьдардаг байж.

Сүүл рүүгээ ажил амьдралдаа дарагдсан уу, аль эсвэл залхаж орхисон уу, орж гарах маань цөөрч, нэг л мэдэхэд оройдоо гэртээ харьж галзуу ганц кино үзчихээд унтдаг хүмүүсийн нэг болох нь тэр.

Хүн л болсон хойно, энэ хэв маягаасаа ч залхаж эхэлдэг юм байна. Үе үе өглөө сэрээд “Паах, би гуч гарчихсан шт! Ингэж уйтгартай амьдарч болно гэж үү!” гэх мэтээр огцом сандарч, тэр өдөртөө л хэрхэн яаж адал явдалтай учрах талаар эргэцүүлэн бодно. Нэг өдөр муу хуучин блогоо тоосыг нь гөвөөд янзлаад тавьчихлаа. Маргааш нь ганц нэг хуучны танилуудаа Фэйсбүүктээ нэмээдэхлээ. Аль арав гаруй жилийн өмнө үзэж байгаад хаясан Хятад хэлний курст бүртгүүлчихлээ. Үе үе ууланд авирах, гольф тоглох, Африк руу нүүх талаар мөрөөдөж, онгоцны билет сураглах нь холгүй юм болно.

Тэгж байтал гадаа нар гарах, дуртай дэлгүүр хямдрал зарлах гэх мэт аахар шаахар зүйлст сатаарч, хэсэг дэвнэ.

Энэ долоо хоногт харин овоо хүн шиг байлаа шүү. Нэг дэх өдөр ажлаа тараад гоо сайхандав. Гурав дахь өдөр Чойжин ламын сүм музейд Морин хуурын чуулгын тоглолт үзэж, хийдийн хашаанд вино шимж суун урлаг уран сайхан, шоу болон хов базалтыг хослуулав. Тав дахь өдөр уулзалгүй удсан танилтайгаа үдийн зоог барьлаа. Харин өнөөдөр (хагас сайнд) Чинбаатарын (намууд учраа олтол хувьдаа төв талбайг ингэж нэрлэхээр шийдсэн) талбай дээрх Номын баярыг сонирхов.

Хоёр тор дүүрэн ном аваад аз жаргалтай гэгч нь алхаж байтал гэнэт халаас хөнгөрсөн мэт санагдаад хартал хөөрхий утас минь сураггүй болсон байв. Интерномын асар дээр хүүхдийн ном харж байх зуур л амжуулсан бололтой, яах аргагүй мэргэжлийнхний ажил. Монголчуудын балмад бүдүүлгийг зүхэж, өөрийнхөө хайхрамжгүй мангарыг гайхаж хэсэг зогссоны эцэст утсаа суйлуулсантай эвлэрэв (энэ жигтэй явдал шинэ iPhone худалдаанд гарах мөчтэй яг цав давхцсан нь гарзыг танагтайхан шиг хүлээн авахад тусалсан нь гарцаагүй).

Гар утасгүй хорин минут болоход л биеийн аль нэг эрхтэн дутуу мэт оргиж, үе үе халаасаа тэмтрэх рефлекс идэвхжиж эхэлсэн ба над руу залгах магадлалтай хүмүүс рүү хүний утас гуйж ярьмаар ч юм шиг санагдаад нэг л тавгүй болчихлоо. Гэрт хуучин утас маань байгааг санаж, хурдхан шиг харихын түүс болов.

Харин харих замд гудамж талбай, гадуур алхах хүмүүс, байшин сав харсан шиг ээ явах таалагдаж эхлэв. Машинд зорчигчийн суудал дээр суусан л бол утсаа ширтээд суучихдаг хүн чинь хоттойгоо харин ч нэг танилцах шиг боллоо. Фэйсбүүк дээрх хэрэгтэй хэрэггүй реклам, Инстаграм дээрх танихгүй шахуу хүмүүсийн фильтердсэн амьдрал, Твиттерийн эцэс төгсгөлгүй улс төржсөн цэцэрхэлтээс хэсэгхэн зуур ч гэсэн хол байх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай зүйл болохыг олж мэдэв. Эрх чөлөө гэж энэ буюу!

Эцсийн эцэст сүүлийн таван жил огт уулзаагүй дээхэн үеийн танил маань таван минутын өмнө чухам юу бодсныг мэдсэн ч яалаа, байсан ч яалаа.

Гар утасгүй хүн чинь гэртээ ирээд блог руугаа хүртэл шагайдаг юм байгаа биз дээ… Хөөх, хуучин утасны backup restore маань ашгүй дуусчихаж, баяртай!

Continue Reading