Бичгийн машин

Хуучин бичгийн машинтай болох юмсан… тэгээд л тачигнуулаад сууж байхгүй юу. Мань мэт шиг өөрийгөө хэд дахин засдаг хүнд компьютер дэмий юм аа. Зассаар байгаад сүүлдээ бүр долоон дор болгочих юм. DEL товчлуур маань элэгдлээ.

Continue Reading

LIFE Photo Archive on Google

Саяхан Google-ийн 10 жилийн ой болсон санагдана… Google 10 нас хүрчихсэн гэж бодохоор мань мэт нь яах аргагүй хөгширч байна даа. Гэхдээ манай үеийнхэн асар азтай хүмүүс шүү, хорин хэд наслахдаа юу эс үзэв ээ: пионер болсон, субботникт хамрагдсан, Хонгилдон, картны бараанд оочерлосон, хувьсгал үзсэн, г.м. Мөн бид pre-Google амьдрал ямар байсныг мэднэ, манай хүүхдүүд лав Google-гүйгээр амьдралаа төсөөлөхгүй биз…

Хэд хоногийн өмнөөс Google LIFE сэтгүүлийн гэрэл зургийн архив-ын бүтээлүүдийг нэтэд байршуулж эхэлжээ. Уг төсөл бүрэн хэрэгжиж дуусахад тус сэтгүүлийн архивт хадгалагдаж байсан 10 сая орчим гэрэл зургийг Google Image Search-ын тусламжтайгаар үзэх боломжтой болох юм байна. Google Books, Google Scholar гэх мэтийн үргэлжлэл юм уу даа, Google blog дээр бичсэнчлэн:

This effort to bring offline images online was inspired by our mission to organize all the world’s information and make it universally accessible and useful. This collection of newly-digitized images includes photos and etchings produced and owned by LIFE dating all the way back to the 1750s.

Амбицтай гарууд шүү. Архиваас нь “Mongolia” гэж хайж үзтэл 154 зураг олдож байна. Ганц нэг сонирхолтой зураг харагдах шиг болсон. Мөн Цэдэнбал гуайн нилээн хэдэн хөрөг зургийг харж баясав:

LIFE-ын архивт байгаа Монголтой холбоотой гэрэл зургуудын дийлэнхи нь Howard Sochurek, Lisa Larsen гэдэг хоёр нөхрийн 50, 60-аад оны бүтээлүүд байна билээ. Lisa Larsen нь 1958 онд Монголд авсан гэрэл зургуудаараа “Magazine Photographer of the Year” болж байсан гэнэ.

Хааяа нэг учиргүй procrastinate хиймээр санагдвал LIFE-ын архивыг сонирхсон шиг ээ сууж байхад зугаатай л байх бололтой…

Continue Reading

Insert slogan here

Сүүлийн үед BBC News-ийг асаах тоолонд л Incredible India гэсэн реклам гарч байх юм. Нэг хэсэг Malaysia, Truly Asia хэмээх Малайзийн tourism campaign од болсныг санаж байна, Энэтхэгүүд яаж дутахав дээ… Ер нь Азиуд янзан бүрийн урианд их дуртай юм шиг байгаа юм: Malaysia, Truly Asia, Incredible India-аас гадна Amazing Thailand, Uniquely Singapore, Vietnam – The hidden charm, WOW Philippines, Indonesia – Ultimate in Diversity, Mystical Myanmar гэх маягаар бүгд л ямар нэг catchy slogan бодож олохыг хичээсэн мэт. Вьетнамууд шилдэг уриа шалгаруулахын тулд уралдаан хүртэл зарласан байгаа юм. Харин Филиппинууд WOW гэж байхын оронд иймэрхүү уралдаан зарласан бол өлзийтэй байж дээ гэж бодогдов, гэхдээ яахав, манайхыг бодвол ядаж рекламтай.

Нөхдүүд уриандаа зориулж дуу энэ тэр хүртэл зохиож ирээд л, хэдэн төрлийн реклам гаргаад, сүйд болдог шинжтэй. Манайхан уул нь иймэрхүү юмандаа сайн даа, жишээ нь, дууныхаа аяыг Балхжавт даатгаад, түүнийг нь Сарантуяа, Ариунаа тэргүүтэй “бүх одууд” хамтарч дуулаад, продюсерээр нь С.Баяр ажиллах юм бол балай авах нь ойлгомжтой, :P. Нэг хэсэг Discover Mongolia гэсэн уриа яваад байсан шиг санагдаж байна, гэхдээ тэгсгээд алга болчих шиг болсон. Надад лав MIGHTY MONGOLIA гэвэл зүгээр юм шиг санагдаад байгаа юм, түүх энэ тэрээ бодсон ч гэсэн… Дууг нь BX-ээр дуулуулах хэрэгтэй, :D.

Манайхан аялал жуулчлал бол Монголын хамгийн ирээдүйтэй салбар гэж ирээд л, сүр дуулиантай юм ярьдаг ч, Монголыг tourism destination гэсэн утгаар нь сурталчлах тал дээр дорвитой ажил огт хийгдэхгүй байгаа нь харамсалтай. Юу юугүй таван минут тутам CNN-ээр реклам явуулаад л, Time-ын дугаар бүрт 10 нүүр аваад байх нь хаашаа юм, ядаж нэг тасархай вебсайт хийж болно доо…

Гэснээс, Монголыг тодорхойлох өөр ямар уриа байж болох вэ? Mongolia the Magnificent, Mongolia, mon dieu!, Mongolia, More!… г.м. Гоё санаа байна уу, тэгвэл мини-кампанит ажил өрнүүлье л дээ… Хэдэн видео эвлүүлж YouTube дээр upload хийгээд, Flickr дээр account нээж баахан зураг тавиад… Ийм төрлийн анхны сайн дурын campaign болж, хүмүүс асар сонирхох ч юм билүү…

PS: Слоган гэснээс, сая Economist.com дээр Business Friendly Bahrain гэсэн реклам явж байна. Хөрөнгө оруулагчдад зориулсан хувилбар: Moneymaking Mongolia, Make money in Mongolia, 😛

Continue Reading

Выход в свет

Шопен сонсож гэгээрэв… нэг хэсэгтээ л 19-р зуунд очсон мэт боллоо. Дуурийн театрт нэгэн Польш төгөлдөр хуурч Шопены зохиолоос тоглосон юм. Сонгодог хөгжмийг нэвт шувт мэдэрчихсэн чухал царайтай хүмүүсийн дунд орчихсон биш эхэндээ биеэ бариад, нэг л явж өгөхгүй байв. Сүүлдээ орчноосоо тасарч, өнөөх чухал царайтай хүмүүсийн нэг болсон… Хөгжим нь дэндүү overwhelming, миний сонсголгүй чих, жижигхэн тархинд багтахгүй байгаа мэт санагдав. Ягдэлбэрэх гэж байтал тоглолт нь ашгүй нэг юм дууссан. Гэхдээ гоё байсан. Гарахдаа сандраад программыг нь авч гарахаа мартчихсан…

Өнөө шөнө яагүй л бол эрвээхэй зүүдлэнэ дээ…

Continue Reading

OBAMANIA!

Обама гэснээс, сая Obama гэж гүүглдэхэд 225,000,000 хайлтын дүн гарч ирж байна. Харин McCain гэж хайтал 157,000,000 холбоос олдлоо. Сонгуулийн дүн гарахаас өмнө хардаг байж, тэгэхэд харьцаа нь ямар байсан бол доо.  Обаматай ямар нэгэн холбоотой вебсайтны тоо талийсан байх аа, нохой нь хүртэл од болж байхыг бодоход:

ElectObamasDog.com

Сонгуулийн дүн гарсан өдрийн New York Times-ын дугаарыг олж авах гэж гарууд хэдэн цагаар оочерлосон сурагтай байсан. NYT-ын сайт тэр өдрийн дугаарын paper version-г $14.95-аар худалдаж байгаа харагдана лээ \сонин нь $1.25-аар зарагддаг шиг санагдаж байна\:

The actual cover:

OBAMANIA!

Continue Reading

President Barack Hussein Obama

Сонгуулийн жил ээ гэж… Биднийг орон нутгийн сонгуулийнхаа дүнг нэг тийш болгож чадахгүй мунгинаж суух зуур нэг л мэдэхэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сүр дуулиантайгаар болж өнгөрөв. Анхны Африкан Американ, анхны муслим гаралтай Ерөнхийлөгч гэдэг утгаараа Обама маш олон хүчин зүйлийн хувьд анхдагч боллоо. Ямар ч байсан тэр жинхэнэ American dream гэж юу болохыг яруу тодоор харуулж чадсан. Хүн болгон л түүхэн сонгууль болсныг гайхширч байх энэ үед Обамагийн нуруун дээр маш том хариуцлага ирж байна. Тэр кампанит ажлынхаа явцад Америкчуудыг эв нэгдэлтэй байхыг уриалж, ӨӨРЧЛӨЛТ хийхээ амлаж, хүмүүсийг байлдан дагуулж, тэдэнд урам хайрлаж чадлаа. Тэр хүмүүст ИТГЭЛ НАЙДВАР бэлэглэсэн. Харин одоо эхэлсэн ажлаа Цагаан ордны өндөрлөгөөс үргэлжлүүлэх л үлдлээ.

Өөрчлөлт гэж ярих амархан ч, түүнийг бий болгох нь хэцүү байдаг. Тэгэхээр Обама тэр олон хүмүүсийн итгэл найдварыг хадгалж, тэдний хүлээлтийг хөсөрдүүлэхгүй байх асар том хариуцлагыг хүлээлээ. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, Иракын дайн гэх зэрэг дэндүү олон ээдрээтэй асуудал түүний өмнө байгаа. Will he deliver?

Эртний Грекууд ардчиллыг анх бий болгосон гэдэг. Харамсалтай нь ардчиллын хар гайгаар Грекийн төрд уран цэцэг үгсээр ард олныг мунхруулж, дураараа авирлах демагогууд олширсон тул Грекийн иргэншил хямралд орсныг хожим Плато шүүмжилсэн байдаг. Гэтэл бид ч мөн адил сайхан ярьдаг хүмүүсийг үнэлж, тэдэнд өөрийн эрхгүй итгэж эхэлдэг хэвээр л байгаа. Сая л гэхэд Барак Обама ярихыг үзүүлж өгөв. Түүний хэлсэн үгийг хүмүүс иш татаж, нэг нэгэндээ и-мэйлдэж, ханандаа хадаж, цээжлэх шахуу юм боллоо. Түүнийг хүмүүс шүтэн биширч, тахин шүтэж эхэлсэн. Энэ үзэгдэл зөвхөн АНУ-д ч биш, хаа байсан Монголд хүртэл өрнөв. Ямар сайндаа Нобелийн шагналтан Paul Krugman “the Obama campaign seems dangerously close to becoming a cult of personality” гэж байхав.

Үнэн ч бай, худал ч бай… хүмүүст inspiration хэрэгтэй байдаг юм шиг, бурхан ч бай, буг ч бай, хэн нэгэнд итгэх зайлшгүй шаардлага байдаг юм шиг. Бид ч мөн адил энэ замыг туулсан. Нэг хэсэг Ц.Элбэгдоржийн уран цэцэн үгсэд уярч харайлгаад, болохоо байхаар нь С.Баярын чухал төрх, боловсролтой царайд хамаг итгэл найдвараа тохов. Энэ нь одоо ч үргэлжилсээр… Хүмүүст итгэл найдвар өгч, тэднийг хөдөлгөх нь чухал ч, тэр их найдвар алдагдаж эхэлвэл аюул болохыг 7-р сарын 1 бидэнд харуулаад авсан.

Өнөөдөр бид демагог хэмээх үгийг лидер гэдэг үгээр сольчихоод баясаж суугаа. Ирээдүйд лидер гэдэг нь ч мөн адил negative connotation-тэй болохыг үгүйсгэх аргагүй мэт. Гэхдээ найдахгүй гээд яах ч юм билээ…

Continue Reading

Номын захаас барааны зах хүртэл

Бүтэн сайн өдөр өглөө эрт босож, хоттойгоо дахин танилцдаг баатар болсон биш залхуурч залхуурч, нэг юм үдээс хойш гэрээсээ хамраа цухуйлгав. Яаж зүгээр байхав, Урт цагааны хуучин номын зах дээр очиж, жаал ном сонин сонирхов. Ганц хоёр жилийн өмнө хуучин ном хоёр гурван мянган төгрөгийн үнэтэй байдаг байсан бол одоо арван мянгаас буухаа байжээ \бензины үнэ л буруутай байх, :P). Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь харагдахаар нь баярлаад авах гэтэл 70,000 төгрөг гэдэг юм байна. Юу юугүй далан мянган төгрөг үрж байснаас эмээ өвөөгийн номын санг “дээрэмдсэн” нь дээр юм байна ухааны юм бодсон шиг ээ цааш алхалаа. Нэг үеэ бодвол ном асар үнэтэй болчихжээ \аргагүй байх л даа, хаа газар л үнэтэй байдаг юм чинь… \

Ганц нэг ном авахгүй бол болохооргүй санагдаад Чарльз Диккенсын Дэвид Копперфилдын орчуулгыг ёсөн мянган төгрөгөөр худалдаж авав. Харамсалтай нь хэн орчуулсан, хэдэн онд хэвлэгдсэн нь тодорхой бус байлаа. Ямар ч байсан 60-аад оны хэвлэл бололтой. Гоё хэвлэл байна лээ, зөндөө олон иллюстрацитэй, хатуу хавтастай, :P. Манайхан Диккенсын овоо хэдэн зохиолыг орчуулсан байдаг шиг санагдаж байна. Тухайн үеийн Английн нийгмийн харгис тогтолцоо, ядуусын амьдралыг яруу тодоор харуулж чадсан гэдэг утгаараа үзэл суртлын хувьд дэмжигдсэн юм байлгүй. Диккенсын “Оливер Твист” мөн харагдана лээ.

Урт цагаан дээр байдаг номын худаалдачид сонирхолтой хүмүүс шиг санагдаад байдаг юм. Хааяа нэг очиж буу халж баймаар… Жоохон байхдаа номын санч болохыг мөрөөддөг байсныг хэлэх үү, нэг л гоё санагддаг юм. Гэснээс, ойрд ерөөсөө номын сан ороогүй юм байна. Арван жилд байхдаа ДСНК-гийн орос номын санд байнга очдог байж билээ. Одоо тэр нь байдаг юм болов уу даа.

Номын захаас гараад Нарантуул зах оров. Бас л сонирхолтой газар шүү. Юу эс байхыг нь яанаа. Өвөл ойртсон биш үүдэнд нь баахан цонх дулаалгын материал зарсан хүмүүс зогсчихсон, порлон, скоч, замазка гэх мэт шаардлагатай бүхнийг багцлаад зарж байна лээ. Зах зээлийн мэдрэмж ээ гэж. Гэснээс, өвөл зах арай л хэцүү шүү… Ер нь Сайхансамбуу тэнд ажилладаг хүмүүст ямар сервис үзүүлсэн гэж түрээс авдаг юм болоо. Газрын зөвшөөрөл авч, хашаа барьсныхаа төлөө юу? Ядаж битүүлчихэж болдоггүй юм байхдаа, тэр олон хүнийг хар хүйтэнд гадаа зогсоогоод…

УБ-т нэг иймэрхүү… амьдрал өрнөсөөр.

Continue Reading

Миний Улаанбаатар

I heart UB гэснээс хальт носталгиатмаар санагдав. Нью Йоркт амьдардаг байхдаа Улаанбаатарыг асар их санадаг байж билээ. Бараг л гэрийнхэн, найз нөхдөөсөө илүү хотоо санадаг байсан байх, үе үе нэг их сайхан төв гудамжаар алхах юмсан гэж мөрөөдөөд л… Даанч одоо энэ бодлоо мартаж дээ, өдөр бүр асар ууртай хүн замын түгжрэл, маанаг жолооч нарыг хараагаад явж байх жишээтэй. Бүтэн сайны өглөө ч юм уу, асар эрт босоод, хүн амьтныг гараахаас өмнө Энхтайвны гүүрээр явган гараад, Сүхбаатарын талбай орж, жаал дэмий тэнэх юмсан. Өглөөний наранд УБ бас л царайлаг харагддаг шүү \шөнө нь бороо орсон бол бүр гоё\.

Надад яагаад ч юм МУИС, Германы элчин сайдын хавь орчим асар таалагддаг юм… Сургууль соёл олонтой болохоор тэр үү, хотын хамгийн сэхээтэнлэг хэсэг юм шиг санагддаг байх. Баяждаг бол тэр хавийн нэг байшинг тэр чигээр нь худалдаж аваад амьдрах юмсан. Давхар бүрт нь баахан зураг, ном… жинхэнэ “сэхээтэнлэг” амьдрахгүй юу :P. Даанч мань мэтийг баяжих гэсээр байтал хэн нэгэн нөхөр нь тэндхийн барилгуудыг буулгаад, бөөний худалдааны төв барьчих биз.

120 мянгатад өссөн болохоор жоохон байхдаа орой бүр эмээ өвөөтэйгээ АПУ, г.м. байдаг гудамжаар алхдаг байж билээ. Өвөө маань залуудаа тэр хавийн модуудыг тарилцаж байсан юм гэнэ лээ, тэд нар нь одоо бүр өндөр болчихсон. Одоо ч гэсэн тэр хавиар явахаар нэг л дотно байдаг юм. Даанч манай хуучин байрны урд цонхыг нь хаагаад асар том байшин барьчихсан байна билээ. Ядаж байхад тэр хавьд эмээ өвөө нар голцуу амьдардаг… хөөрхийс, одоо бүгд нар үзэхээ байсан даа. Энэ янзаараа нэг л мэдэхэд хүүхдийн тоглоомын талбайд маань бас нэг байшин бариад эхлэх байлгүй.

Миний мэддэг Улаанбаатар алга болсоор л байгаа. Хотоо магтах гэсэн биш өөрийн эрхгүй бухимдаад эхэллээ. Хот болгон өөрийн гэсэн уур амьсгал, зан төрхтэй байдаг гэж бодвол хуучны уужуу тайван, налгар Улаанбаатар маань их л сандруу, уур уцаартай, тэвчээргүй хот болсон мэт. Тэр нь бид бүгдэд халдаад, хүмүүс бүгд л сандарч, уурлаж явдаг болоод байна. Байшин барилга нь яая гэхэв гэж бодоход үүнийг яах вэ.

Төв шуудангийн талбай рүү харсан хэсэгт нь асар том Кока-коланы реклам байршуулчихсан харагдана лээ. Дээр үед энэ талаар нэгэн багштайгаа ярилцаж байсан санагдав. Мань хүн Тибет судлаач, тэнд нэг хэсэг амьдарч байгаад ирсэн хүн байсан юм. “Саяхан Лхасад очтол Кока-коланы лаазаар дүүрчихсэн, хуучны уур амьсгал нь байхгүй, муухай санагдсан” гэж ярихад нь би учиргүй эмзэглэж, “Та тэгээд яах гээд байгаа юм, тэнд ч гэсэн хүмүүс Кола уух эрхтэй биз дээ. Та нарыг очиж баясаг гээд л музей шиг 15-р зуундаа амьдрах болж байна уу” гээд л үзэж тарч билээ. Гэхдээ тэр рекламыг хараад багшийгаа ойлгов. Коланы шил төв талбайд маань заларч байх ёстой ч юм уу үгүй ч юм уу. Нэг талаас нь харахад, дээр үед кола олж уусан азтай нөхдүүд хоосон шилээ сервантандаа залдаг байсан гэж бодохоор бид хүссэн зүйлдээ хүрсэн ч юм шиг. Эсвэл шал өөр тийш яваад ч байгаа юм шиг. Мэдэх юм алга…

Continue Reading