Уртын дууны гайхамшиг

Өчигдөр маш их сэтгэл хөдөлгөсөн, их сайхан тоглолт үзэх завшаан тохиолоо. Учир нь уртын дуучин Хонгорзулын “Хэрлэнгийн домог” тайлан тоглолт Дуурь бужгийн эрдмийн театрт болж өнгөрсөн юм. Ойрд ардын хөгжим сонсоогүйг хэлэх үү, үнэхээр гоё байлаа. Хонгорзулын багш, домогт уртын дууч Шархүүхэн гуай тайз нь дээр гарч ирээд дуулж эхлэхэд өөрийн эрхгүй нулимс дууслах шахсан…

Хонгорзулын тоглолтонд “Морин хуурын” чуулга, Симфони найрал хєгжим, “Тvмэн эх” чуулга, удирдаач Батчулуун, Туулайхүү, Хонгорзулын гурван үеийн багш болох Шархүүхэн, Дэлгэр, Нансалмаа нар оролцов. Ийм нүсэр бүрэлдэхүүнтэй тоглолт ойрд болоогүй байхаа. Амьд хөгжим, уртын дууны гайхамшгийг харин ч нэг мэдэрсэн шүү, ямар сайндаа гарч ирмэгцээ хөгжмийн зохиолч Шарав гуайн цомгийг сураглаад явж байхав.

Тээр жил, 2001 он хавьцаа… Норовбанзад гуай амьд сэрүүн байхдаа Нью Йоркт ирж дуулж байсан юм. Асар том зааланд ямар ч микрофонгүй “Уяхан замба тивийн наран”-гаа уянгалуулахад сэтгэл маш их хөдөлж билээ. Тухайн үед хүний газар гэрээ санаад л тэр биз ухааны юм бодоод нэг их тоогоогүй юм. Гэхдээ өчигдрийн тоглолтын үеэр уртын дуу ямар ч тохиолдолд Монгол хүний сэтгэлийн гүнд хүрдэг гэдгийг мэдэрсэн. Учир нь уртын дуу бол Монгол хүнийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн.

Монгол хэмээх тодотголтой юмс бүхнийг залгуулж яваа авъяаслаг залуучууд байсаар ирсэн нь үнэхээр бахархууштай. Шархүүхэн гуай Хонгорзулд хадаг суу бариж зогсоход залгамж халаа гэдэг ямар чухал болох ойлгогдож байлаа.

Бусад салбарт ч гэсэн ийм байгаасай… Миний Монгол мандан бадраасай!

Continue Reading

Хаана хэзээ юуг сурах вэ?

Өөрийнхөө олон удаа, олон талаас нь бодож байсан нэг зүйлийн талаар сийрүүлмээр санагдав. Би японы дээгүүр зэрэглэлийн улсын их сургуулийн магистрантурт сурдаг. Одоогоор бусдаас илүү гарч гялтайхгүй, доош орж бүлтэгнэхгүй яваад болоод л байна. Энэ маягаараа өнхрөөд л байвал жилийн дараа төгссөн болоод, нутагтаа буцаад шороотой тоостой, ядуурсан бухимдсан ард түмнийхээ дунд ороод үзэж тарах байх даа. Тэгэхгүй гэвэл бусдыг дуурайгаад эндээ үлдэж, аль нэг компанид бичиг цаасхан нааш цааш болгосон ажилд “хүчээ сориод” үзэхэд болохгүй нь юу байхав. Гэвч би ийм маягийн амар сайхандаа жаргах амьдралыг сонгомооргүй байна.

Ихээр бодоход 50 жилийн дараа би өөрийнхөө амьдралд цэг тавьж энэ хорвоог дуртайяа орхино. Тэрний өмнө боломж л гарвал өөрөөсөө хир зэрэг утга учиртай амьдрав гэж асууна байх. Тэр асуултанд амжилттай хариулахуйц амьдрахыг л хүсээд явдаг юм л даа. Тэгэх шаардлага нь юунд байна вэ, ямар учраас тэгэх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч болно. Миний хувьд хариулт нь энгийн. Хүн болж төрсөн учраас. Муур ч юмуу болжмор, мэлхий биш хүн болж төрсөн учраас. Уулын буга, усны жараахай, хортой аалз, хонин гүрвэл гээд бүгд юуны төлөө амьдардаг вэ? Үсрээд л үр удмаа үлдээхийн төлөө биз. Үр удмаа үлдээж яах гэсэн юм бол? Тэд өөрсдөө ингэж бодож чаддаг байсан бол, -Зүгээр л… гэх байх. Ер нь байгаль эхийн оноосон даалгаварт их үнэнч ч юм уу үр удмаа шалавхан шиг үлдээгээд өөрсдөө шалавхан үхэхээ л боддог шиг. Харин хүн бол өөр. Аль болох үхэхгүйн төлөө зүтгэх эрмэлзэлтэй. Яагаад үхэх дургүй юм бол? Бодвол муухай зүйл л байх нь дээ. Муухай гэдгийг яаж мэдсэн юм бол? Үхэж үзчихээд, “Их муухай юм байна лээ шүү” гэж хэн нэгэн нь хэлээ юу? Би лав тийм юм сонсоогүй. Яг сайн бодоод үзвэл зарим хүмүүсийн “ТАМ” гэж нэрлээд айгаад зугтаад байдаг зовлон зүдгүүр, өвчин шаналал, аллага хядлага бидний “АМЬДРАЛ” гэж нэрлээд байгаа ертөнцтэй давхцаад л байгаа юм даа. Харин хүн бүр өөр завин дээр, өөр сэлүүртэй хөвдөгөөс тамд бэдрэх үү, амьдралд сэлэх үү гэдэг нь тодорхой болдог шиг.

Тэгэхээр бодоод байвал би олигтойхон бөх бат завь олж суухыг, амархан хугарчихгүйхэн шиг сэлүүртэй болохыг энэ Японоос хайж ирсэн болж таарах байх. Эндээс олсон завь, сэлүүр маань Монголдоо буцаж очоод нэг хэсэгтээ л дороо дэмий хий эргэх ч юмуу, эсвэл хаанахын хийцийнх нь тодорхойгүй болж, монголчилсон будаг нь халцарсан бүдүүн төмрөөр хийсэн завинуудад цөм цөм мөргүүлэх байх гэсэн сэтгэгдэл төрөөд байдаг болж. Тэгчих вий гэж айгаад байгаа ч юм гэсэн дүгнэлт гаргах гэж яарахгүй байна л даа. Гэхдээ хараад ажиглаад байхад олон залуус яг л үүнээс зугтаад халшраад монголд очихгүй, очсон ч буцаж ирээд ямар ч хамаагүй ажил хийж гадаадад суурьшиж хоног хугацааг бага нервтэж, амар хялбар амьдрахыг илүүд үздэг болж. Тэднийг буруутгах ч арга байхгүй л дээ. Ялангуяа “ардчилал” ыг идеал болгосон даяаршлын нийгэмд.

Тэр дундаа байнга хэл загатнуулж байдаг нэг зүйл, ЗГын тэтгэлгээр өчнөөн жил сурч сурчихаад, бусдын бүтээн байгуулсан боловсронгуй систем, нийгмийн үйлчилгээний бэлэн загварт дасчихдаг. Тэгээд монголд буцаж очихоор байдал ямархуу байхыг төсөөлөнгүүтээ шууд зайлсхийгээд ямар нэг арга сүвэгчилж гадаадад үлдэхийг бодно. Мэдээж өөр янз бүрийн зорилгоор янз бүрийн бодолтой гадаадад ажиллаж амьдарч байгаа залуус бий, тэднийг бүгдийг нь хамруулж муу хэлэх гэсэн санаа алга л даа. Миний хэлэх үгээ олохгүй түнтэгнээд зовоод байгаа зүйл юу гэвэл тэтгэлэг авч сураад, “дээд” боловсрол эзэмшсэнийхээ хэргийг аль нэг хөгшин Японтой хувь заяагаа холбож гэрийн мухар сахих ч юмуу, виз сунгагдаж л байвал хужаатай ч хамаагүй гэрлээд үлдэх, эсвэл аль нэг унтаа оффист цаас копидож, цай зөөж амьдрах хэлбэрээр гаргаж байгаа хүмүүсийг харахаар арай л биш санагдаад байх юм. Ийм хүмүүсийг харахаар монголд ажиллаж амьдрах үүнээс дор жигшмээр зүйл үү гэж асуумаар санагдаад болохгүй юм. Яахав суусан завиа хэмх мөргүүлж шархдаад, сэлүүрээ хуга цохиулаад явахыг бодвол чийглэг агаартай, хувцас хиртдэггүй цэвэрхэн хотод эд эсээ гамнаад, нүүнийхээ үрчлээсийг хянаад зовлон багатай амьдрах нь өнгөц харахад хамаагүй дээр л байх. Тэрнийгээ “Жаргал” гэж боддог ч байж болох. Дээр дурдсан шиг үхэхийнхээ өмнө “ХҮН” шиг утга учиртай амьдарч чадав уу гэж асуух болбол юу гэж хариулах вэ гэж энэ тэр илүү дутуу юм боддог ч үгүй байх даа.

Миний бас нэг хэлэх гэсэн юм нь, монголд хүссэнээрээ сайхан амьдрах боломж байхгүй байгаа бол тийм боломжийг бий болгохын төлөө ажиллах шаардлага хэрэгцээ байна гэсэн үг биш үү. Жишээ нь Японы нийгэм бол бүх хэрэгцээ нь ханачихсан, ямар ч юмыг хийе гэсэн хэрэгцээ шаардлага нь дуусчихсан нийгэм. Овоо хэмжээний сенсаци дэгдээхгүй л бол юу ч хүмүүсийн анхаарал татахаа больчихсон нийгэм. Нэг ёсондоо амьдрахад дэндүү уйтгартай залхмаар. Гэтэл Японд дээд боловсрол эзэмшиж боловсорсон мундаг залуучууд нэмж юу сурах гээд энэ залхмаар уйтгартай нийгэмд хөлс хүчээ зараад байгаад байдаг юм бол доо? Сургуульд сурсанаа лавшруулж практикт суралцаж байна гэж олон хүн хамгийн түрүүнд хариулах байх. Монголд практикт суралцах Японд Японы практикт суралцах 2 юугаараа ялгаатай болж таарах вэ? Суралцсаныхаа үр дүнг хаана юунд зориулах вэ гэдгээр л ялгаатай тайлбарлагдах байх. Япон компаниудын менежмент зөвхөн Япон хүмүүсийнхээ сэтгэлгээнд, Япондоо л амжилттай байсан, гадаадад гарахаараа хамгийн хойрго явуургүй хоцрогдсон системтэй байдаг гэсэн шүүмлэлийг их л сонсож байсан. Тэгвэл Япон компанид юуг нь сурах гэж ажиллаад байдаг юм бол? Аливаа нэг эдийн засгийн субьектэд огт ажиллаж үзээгүй хүн хаана ч очсон шинэ соргог санагдаад л суралцах юм мундахгүй байх нь аргагүй шүү дээ. Заавал тэрийг Японд ажиллаж, Японы эдийн засгийг дэмжиж байж суралцах ёстой гэдгийн учрыг харин тунгаадаг хүн байдаг болов уу? Их л олон залуус нийгэмд ажиллаж өшөө их зүйл сурчаад монголдоо очоод бут авна гэсэн хийсвэр бодолтой явдаг болтой санагдсан. Тэгж бодоод явбал аливаа нийгмээс суралцаж боловсорч дуусна гэж хэзээ ч байхгүй бизээ. Нэг л мэдэхэд хийж бүтээх гол цаг хугацаа нь өнгөрөөд талийсан, нэг л их юм сураад байсан мөртлөө Японы ч монголын ч аль альнийх нь нийгмийн шаардлагыг хангахгүй саармаг “мэдлэгтэнгүүд” олон болсон байх вий гэж бодогдох юм. Тэр цагт МОНГОЛ маань хэний гарт ямаршуухан дүр төрхтэй болсон байх бол доо?

Continue Reading

What are we doing anyway? And thinking?

Зарим юмнуудыг худлаа гэмээр санагдаад болдоггүй:

Ардчилал – энэ бол үнэндээ коммунизмаас ялгаагүй утопи үзэл юм байна. Хүн төрөлхтөн оршин тогтнолынхоо туршид хоёрхон нийгмийн тогтолцоог бий болгож чадсан бөгөөд тэр нь:

1. Эгалитар нийгэм – хүн бүр ижил хэмжээний эрх мэдэлтэй. Одоо ийм нийгэм үлдээгүй.
2. Клептократ нийгэм – хэсэг бүлэг цөөнхи илүү их эрх мэдэлтэй. Одоо бүх нийгмүүд ийм. Гагцхүү клептократууд өөрсдийнхөө байршлыг яаж зөвтгөж байгаа нь л ялгаатай (жишээ нь ардчилал). Бодит байдал дээр тэд мэдээлэл болон зохион байгуулалтын давуу байдлаас өөр суурьгүй. Энийг авилга гэж нэрлэж болох.

Чөлөөт зах зээл – яг адилхан. Yнэндээ ийм юм байгалд байдаггүй. Бодит байдалд өрсөлдөөн хэзээ ч тийм нөхцөлд явагддаггүй. Шалтгаан нь мөн л мэдээлэл, зохион байгуулалтын тэгш бус байдал. Орчин үеийн эдийн засагт хоёр гол асуудлыг шийдэх нь жинхэнэ мөн чанар нь:

1. Хүнсний илүүдэл. Аж үйлдвэржсэн нийгэмд нэг хүнс үйлдвэрлэгч 20 хүртэл илүүдэл хүн тэжээж чадна. Тэр хүмүүсээр юу хийлгэх вэ – ажил эрхлэлтийн асуудал.
2. Аж үйлдвэрийн чадавхийн илүүдэл. Аж үйлдвэрт нэгэнт хамаагүй их хүн ажилладаг учраас тэд юу хийх вэ гэдэг асар том асуудал байна. Хүнс хүний тоонд хязгаарлалт тавих тул хэрэглээний чанартай үйлдвэрлэл заавал хязгаартай. Асуудлыг гарууд байлдааны буюу дэд бүтцийн байгууламжаар шийддэг. Байлдааны онгоцнууддаа зориулж энд тэнд зурвас зам тавих гэх мэт.

Дээрхи ажиллагаануудыг (клептократийн зөвтгөл, илүүдлээ эргэлтэнд оруулах) хийхийн тулд тодорхой хэмжээний технологи шаардлагатай. Аль илүү технологитой нь бусдыгаа устгадаг (бүр устгах, эсвэл өөртөө нэгтгэх). Тийм болохоор технологийн ширүүн өрсөлдөөн явагддаг. Энэ өрсөлдөөн ширүүсэх юм бол бүгдээрээ устах аюултай.

Энэ аюул хэнд ч ойлгомжтой болохоор зарим “дээд төвшний” клептократууд асуудлыг өөрийнхөөрөө шийдэх программ аль хэдийн гаргаад хэрэгжүүлж байгаа нь найдвартайгаас гадна улайм цайм харагдаж байна. Тийм болохоор байдал одоогийн янзаар удаан үргэлжилнэ гэдэг бол худлаа. Шинээр бий болох хүн төрөлхтөний дунд мань мэтэд (Монголчуудад) зай бэлдсэн байгаа гэвэл бүр ч худлаа. Хатуу ширүүнээр үзэлцэж байж билетээ авах болох байхдаа. Анхаарлаа үүнд хандуулж, харийнхны янз бүрийн тархины угаалтанд өртөхөө больцгооё.

We have nothing but our fears to lose. We have a future to win! 😀

Continue Reading

et cetera

Сонин хачин зүйлс:

– Зурагтаар UB palace цогцолбор шинэ үзвэрийн танхим нээж байгаа тухай мэдээ гарч байна. Бэлтгэл ажил дуусаагүй байгаа бололтой, ажилчид сандал угсарч байгаа кадрууд харагдана. Сурвалжлагч: “Ажил ямархуу явж байна даа?” Менежер бусгүй: “Манай шинэ заал орчин үеийн хамгийн шилдэг бүхнийг хослуулсан, Монголдоо толгой цохих газар болно гэдэгт итгэлтэй байна. Яг одоо сандал угсрах үйл ажиллагаа амжилттай явагдаж буйг та бүхэн харж байна.”

Зурагтыг нэн даруй унтраах үйл ажиллагаа үтэр түргэн явагдав.

– Өчигдөр Eagle-ээр мэдээ харж суув. Ордны өмнөх жагсаал цуглааны тухай сурвалжлага: хөдөлгөөнийхөн хашгиралдаад, эмээ өвөө нар орилолдоод, тус тас түмпэн шанага болсон бичлэг гарч байлаа. “Монголын газар шороог худалдагсад!” хэмээн хэн нэгэн нөхөр заналтайгаар орилоход кадр солигдов. Нэвтрүүлэгч бүсгүй: “Лондонд Улаан өндөгний баярыг тохиолдуулж эрдэнэс алмазаар чимэглэгдсэн 50,000 фунтын үнэтэй шоколадан өндөг худалдаанд гарлаа”. Нэгэн инээмсэглэсэн эмэгтэй: “Үнэхээр тансаг өндөг байна, шоколад идмээр болж байна шүү.”

Энд газар шороо, тэнд шоколад…

Continue Reading

Анхны хайр хүнийг өөрчилдөг үү?

Одоогоос 6 жилийн өмнө. Манай ангид нэгэн охин шилжиж ирсэн юм. Байдаг л нэг хөдөөний бор охин. Гэхдээ тэр охинд намайг бүрэн өөрчлөх агуу хүч байсныг 4 жилийн дараа л мэдсэн юм. Тэр үед би 10 жилийн сургуулийн сахилгагүй бацаан байж дээ. Хэддүгээр анги байснаа хэлээд яах вэ. Би ангийнхаа магадгүй сургуулийнхаа хамгийн муу сурагчдын тоонд ордог байлаа. Тэгээд л өдөр болгон монгол хэлний давтлаганд хүчээр суудаг байсан юм. Би ч нэг л мэдэхэд шилжиж ирсэн охинд сайн болчихоод бэлэг өгөх гээд гүйж байснаа одоо ч гэсэн тод санаж байна. Хэзээ яаж түүнд сайн болчихсоноо санадаггүй. Тэгсэн мөртлөө шөнө ч унтаж чадахгүй санадаг болчихсон байсан. Тэр мэдээж над шиг муу сурлагатай сахилгагүй хүүхдийг юу боллоо гэж тоох вэ. Тэр үнэхээр хэн ч өө хэлэхээргүй онц сурдаг байсан болохоор надруу нэг нүдээрээ ч хардаггүй байсан биз. Би ч өдөр болгон гэрлүү нь очоод л гэрлүүгээ харьж байхад нь санаандгүй таарч байгаа юм шиг уулздаг байлаа. Гэхдээ ярьдаг юм нь үнэндээ хэд гуравхан зүйл байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд тэр жилийн хичээл дуусаж амрах болчихсон байлаа. Улсын шалгалт эхэлчихсэн. Монгол хэлний шалгалтан дээр ангиас хоёрхон хүүхэд онц авсны нэг нь би нөгөө нь тэр байв. Тэр бараг л түүхэндээ анх удаагаа намайг тэгж сонирхож харсан гэж хэлж болно. Тэгэхэд би нэг зүйлийг үнэхээр ухаарсан юм. Хэзээ ч хэн ч үл бүтэх дампуу амьтанг сонирхдоггүй, ялангуяа охид бол нэг нүдээрээ ч харахгүй гэдгийг ойлгосон юм.

Тэгээд л хамаг амьтны тусын тулд гэгээрсэн амьтан бүх зуны турш хичээлээ хийгээд л хийгээд л намар болголоо. Намар нь хөөрч догдолчихсон амьтан түүнд өөрийгөө ямар болсныг харуулах гээд ортол тэр байдаггүй. Тэр шилжчихсэн. Тэгээд л гүйцээ. Гэрийнхэнтэйгээ хөдөө явчихсан болохоор би тэгээд л үлдлээ. Мэдээж миний хувьд л хэцүү байсан юм. Яагаад гэвэл тэр намайг бараг бодохыг ч хүсэхгүй байсан биз. Би ч дэлхий сөнөх гэж байгааг сонсчихсон амьтан шиг яг 3 хоног гутлаа чирлээ. Тэгээд өөрөөсөө үнэхээр ичсэн юм. Ямарч байсан өөрийгөө бүрэн өөрчилж хэзээ нэгэн цагт түүнд ямар хүн болсноо харуулна гэж бодоод 2 жилийг ардаа үдлээ. Энэ хоорондоо би гадаад байдлаа бүрэн засаад сургуульдаа болон бүс аймагтаа маш их нэрд гарч чадлаа. Хаана ч явсан хүмүүс намайг таниад. Гэхдээ нэрийг маань л мэддэг байсан юм. Би бараг оролцсон бүх тэмцээн олимпиадаас 1,2,3-р байрыг авчихаад дүнгийн хуралдаа нэг ч удаа очоогүй байсан юм. Тийм болохоор аймгийнхан маань намайг сайн таньдаг хүмүүсээс бусад нь миний нэрийг мэддэг болчихсон. Бүх хүмүүс эр, эм, ялангуяа охид бүгд намайг хүрээлээд би олны төвд байдаг болсон юм. Гэхдээ анх сайн болсон охиноо бодсоор л байсан болохоор хэнийг нь ч сонголгүй 2 жил болж чадсан. Нэг өдөр харин сургууль дээр олимдиадад орох гээд зогсож байхдаа Б-г (түүнийг Б гэдэг) санамсаргүй харлаа. Хэдийгээр 2 жил огт хараагүй ч гэсэн би түүнийг хаанаас нь ч харсан шууд таньдаг болчихсон байсан юм. Тэгээд очоод уулзаад ярьсан чинь тэр миний орох гэж байгаа төрөлд орох юм байна. Одоо л нэг боломж гарлаа гэж дотроо хичнээн их баярласан гээч. Би ч бодсондоо хүрч түүнд ямар өөр болсноо харуулсан юм. Тэр олимпиадад тэр 2-т би нэгт орсон юм. Энэ удаа би дүнгийн хуралдаа оролцож шагналаа өөрөө гарч авахаар шийдлээ. Тэгэхэд олон хүн нөгөө А чинь энэ юмуу гэж хэлж байсан даа. Би тэр тэмцээнд 2 төрлөөр ороод нэгд нь алт нөгөөд нь мөнгө авсан болохоор Б миний хичнээн их өөрчлөгдсөнийг шууд л мэдсэн гэж болно.

Би түүнтэй уулзчихаад яагаад ч юм сэтгэл маш их амарлаа. Гэхдээ түүнийг өөртөө татаж үерхэе гэсэн бодол надад огтхон ч төрөөгүй. Зүгээр түүнд үүнийг л харуулах гэж 2 жил ухаангүй юм шиг хүлээсэн хэрэг байх л даа.
Би ч удалгүй нэг охинтой үерхдэг боллоо. Тэгээд бүүр дараа нь аймгийнхаа конкурсан дээр түүнтэй ахиж тааралдсан юм. Тэгэхэд би бүх хүмүүсийн өмнө сургуулийнхаа урилгыг авах гээд харин тэр өөрийн авъяас чадалаа сорих гээд тэнд очсон байсан юм. Би түүнтэй мэндлээд урьд байгаагүй хөгжилтэй яриа өрнүүлчихээд яваад өгсөн юм. Түүнээс хойш дахиж уулзаагүй.

Гэхдээ яагаад ч юм түүнийг хэзээ нэгэн цагт таарвал зүгээр хамгийн сайн найзын хувиар угтана гэдгээ л одоо мэдэж байна. Яагаад гэвэл тэр намайг өөрчилсөн хүн ш дээ.

Continue Reading

Хятад бидний нөхөр үү? эсвэл бидний дайсан уу?

Доорх блог ямар нэг байдлаар улс төрийн ашиг сонирхол эсвэл тэдний эсрэг тэмцэх хэрэгтэй гэсэн санаа агуулахаасаа илүүтэй МУ-ын иргэн чи юу хийж чадах вэ гэдэгт тулгуурласан юм шүү.

Өнөөгийн байдлаар манай дайсан хэн бэ гэхэд нийгмийн олонхи нь Хятадууд гэж хариулах байх гэдэгт Бархэн миний бие эргэлзэхгүй байна. Үүний нарийн учрыг сайн ухааран тунгаавал эрт дээрээс үеийн дайн тулаан, мөн Манжийн үеийн дарлал. Дараан манай улс эрх чөлөө тусгаар тогтнолоо осон хэдий ч, ЗХУ-ын модон хүүхэлдэй болсноос болж Хятадын засгийн газартай дайсагнасан байдалтайгаар 1960-1990 хүртэл нийт 30 шахам жил 2 орны хооронд харилцаа таатай байгаагүй. Өнөөдөр байдал дээрдсэн хэдий ч, цаад талаараа Хятад улс манай улсын тусгаар тогтнолд эргэлзсэн байдалтай нэлээн хэдэн мэдэгдэл хйигээд байгаа юм. Үүний нэг жишээ нь өнгөрсөн жил МУ дахь БНХАУ-ын элчин сайдын өгсөн ярилцлага дунд “Манай улс МУ-ын тусгаар тогтнолыг 1949 онд л хүлээн зөвшөөрсөн” гэсэн далд утгаараа өнөөгийн Монгол нь өмнө нь манай улсын харьяа байсан гэх энгийн бөгөөд утга агуулга өндөртэй мэдээлэл байсан явдал юм.

Энэ мэт байдалтай зарим мэдээллийг манай хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч гэх нөгөө хэдэн шар хэвлэл маань сенсааци хийгээд ард иргэдийн, ялангуяа мэдлэг чадвар мөхөс нөгөө хэдэн гудамжны хэдэн залуучуудыг маань тэдний эсрэг хүч хэрэглэх янз бүрийн арга хэмжээ авах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

Гэтэл манай шиг 2-хон сая хүн ардтай жижиг улс 1300 сая хүнтэй их гүрний эсрэг хүчирхийлэлийн арга хэмжээ авч болох уу?

Их гүрний анхаарлын төвд манайхны нэгэн адил орчихоод байгаа Тайваныг хараад байхад тэд өөрсдөө аль болох хүчирхийллээр өдөөн мөргөлдөөн гаргах нөхцлийг бүрдүүлэхгүй байхыг хичээж байгаа харагдах юм. Тэгэхээр бид аль болох хүчирхийллээр бус энхийн замаар эсэргүүцэл явуулах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ нь ирэх Даваа гаригт БНХАУ-ын өмнөх талбай Монголын Оюутны Холбооноос зохион явуулж байгаа оюутнууд хэрхэн жагсаал хийх дээр харагдах байх л даа. Тэгээд ч аливаа жижиг үндэстэн дураараа том юмс хийлгүй аль болох том гүрнүүдийн дундаас өөрсдөндөө тохирсон ашиг унагаах хэрэгтэй гэж бодож байна.

Үргэлжлэл бий байх гэж бодож байна.

Continue Reading

Үйлийн үр…

Сайн байцгаана уу.
Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Хүний хүсэл үнэхээр хязгааргүй байх юм. Гэвч миний хүсэж байгаа бүхэн санаагаар болдоггүй нь хяслантай. Харин энэ тухай эргэцүүлээд сайн бодохоор миний хяслангийн цаана хэн нэгний эсвэл хорхой шавьжны ч хамаагүй хүсэл биелж байх мэт. Ер нь энэ амьдралд зүгээр л огторгуйд одчихдог зүйл гэж байна уу. Үйлийн үр гэж заавал оршин тогтнож байдаг гэдэгт би итгэдэг. Бүр сайн үйлийн үр сайнаар, муу үйлийн үр муугаар илэрдэг гэж…

Continue Reading

Сайн ойлгож уншаарай

Дээд этүгэн заяат өвөг дээдсээс улбаалан ирсэн эх орны минь газар шороо эдүгээ хэн хүний бусармаг бодол, эрх ямба эд агуурсыг хүсэн тачаадсан ахархан бодлын улмаас өнгө төрхөө алдан доройтож, харь элэгтний мэдэлд орхигдож байна. Уул ус газар шорооныхоо төлөө амиа өргөсөн эцэг тэнгэр их хаад, суу алдраа цусаараа баталсан баатар эрсийнхээ үр хойч нь болсон бид нар энэ дов толгодыг эзэгнэн амьдрахгүй юм бол утга төгөлдөр ялгуусан ялагдал хүлээсэн гэдэгтээ бүрнээ итгэж болно. Өдөр хоногийг бэдрэн өнгөрөөх бядмагхан ухаантай бүлэг амьтасын буянаар эх орондоо хүний газар гишгэлээ гэсэн дарамтад өртөх нь үнэхээр эх нутгын минь хувь заяа ямархан доройтолд ороод байгааг тод харуулж байна.

Continue Reading

ОЮУН УХААН + О.Энхсайхан

Бид ОЮУН УХААН гэж ярьдаг. УХААН бол социокодоор дамждаг нийгэмших үйл явц, орчны нөлөө, хүмүүжлийн үр дүн, олдмол шинж байхад ОЮУН гэдэг бол биокодоор дамждаг удамшихуйн, төрөлхийн шинж юм.

Ухааныг эзэмшсэн хүмүүжилтэй хүмүүсийн нийтлэг дүр бол нийгэмд зөвхөн өөрсдийгөө л болгож явдаг, амьдралын ерөнхийдүү арга ухаантай болохоос тэд мөн чанартаа ТЭЖЭЭГЧИД БИШ юм. Тэд нийгмийн бага зэрэг долгилол, өөрчлөлтөд өртөн тэнцвэрээ алдах, эзэмшсэн мэдлэг чадвар, ухаан нь хоцрогдох, улмаар тэжээлгэгчийн армид шилжих магадлал ихтэй. Зах зээлийн шилжилтийн үед энэ магадлал асар ихэссэнийг бид бэлээхэн харж байгаа.

Тэгвэл оюуныг эзэмшиж төрөлхийн авъяас чадвараа нээн хөгжүүлж, нийгмийг яран гарч ирж чадсан хүмүүс хэзээ нэгэн цагт нэг хэсэг хүнийг тэжээх төдийгүй, зарим тохиолдолд тэдний хийсэн бүтээсэн нь шинжлэх ухааны хөгжилд түлхэц болж байдгаараа жинхэнэ ТЭЖЭЭГЧИД юм. Тэдний дотор ядуу зүдүү байж үр дүнд хүрсэн ч хүн бий. Альберт Эйнштейн, Альфред Нобель, Моцарт, санхүүч Сорос гээд л.

Тэгэхээр бидний боловсролын систем ТЭЖЭЭГЧИД рүү чиглэг ёстой. Мэдээж бүгд тэжээгч болно болж чадахгүй. Капитализм бол үйдвэрлэл, нэн түрүүнд үйлдвэрлэл юм. Капитализмыг боловсролоос, номноос эхлэх ёстой байна гэж хэзээ ойлгоно тэр цагт л капитализм биднийг тэжээнэ. Мөн хүн чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байх явдал, өөрөөр хэлбэл оюун ухааны эрх чөлөө, энэ бол Ардчилалын нэг том тулгуур зарчим. Бас хамгийн том эрх чөлөө гэж хэлж болно.

Энд бидний 10 жилийн боловсролын систем гажуудал, дутагдалтай тал дээр юм ярьмаар байна. Түүний дотор багшийн заах арга зүй гэж эзэмшүүлдэг бол сурагчийн сурах арга зүйг анхаарах л асуудал. Арга барил дээр нэлээн ажиллах ёстой гэж бодох юм. Арга зүй эзэмшинэ гэдэг бол их чухал. Энэ тухай бодролчуудтай дараа дахин ярилцья.

Энд нэг зүйлийг хэлэхэд УИХ-ын чимээгүй, улс орны хөгжлийн төлөө юм хийхийг боддоггүй, хийсэн ч гэсэн далайцтай зүйл ярьдаггүй, өөрийн ашиг сонирхолын төлөө хийдэг захын 10 гишүүнтэй тэнцэхүйц О.Энхсайхан гишүүн бурхан болсонд үнэхээр харамсаж байна. Тэр хүн Монголын ард түмэнд Ашигт малтмалын салбарт реформ хийх ёстой, тийм боломж байгаа гэдгийг ойлгуулсан хүн. Түүн шиг Монголд зоригтой реформ хийж чадах залуус төрийн эрхэнд байх ёстой гэж бодож байна. Ингэж байж бидний “бага” орон хөгжинө. Энгийн логик хэлмэхэд: 6 тэрбум, 70 сая, 20 сая хүн амтай томоохон улсуудад баян хоосны ялгаа гэж ярьж болох юм. Харин энэ том баялаг газар нутагт байгаа 2,5 саяхан монголчууд баян хоосны ялгаатай байдлаар хөгжинө гэдэг бол дэндүү АРЧААГҮЙ БОДЛОГО гэж хэлмээр байна. Азийн бар орнууд баян хоосны ялгааг хамгийн бага байхаар хөгжлийн бодлогодоо тусгаж хөгжисөн нь тэдний АМЖИЛТ юм.

Continue Reading