I heart UB

Улаанбаатар нэг сая хүнтэй хот шүү дээ гэж бодохоор асар том санагдаад байдаг юм. Энд тэнд нь юу ч болж байдаг юм, бүү мэд. Өдөр бүр л ямар нэгэн шинэ газар нээгдэж, нөгөөх нь хаагдаж, барилга баригдаж, хаяг солигдож, хүүхэд төрж, хүн үхэж, нэг нь галзуурч, нөгөөх нь дурлаж, зарим нь хулгайлж, бусад нь ууж… амьдрал өрнөдөг л байлгүй. 

Өчигдөр сүүлийн үед сүр дуулиан болоод байсан “Боолын гэрээ” хэмээх киног олж үзэх санаатай Тэнгис ортол өдрийн бүх үзвэрийн билет нь дуусчихсан байв. Худалч хүнд бүтэн сарын өмнө нээгдсэн кино одоог хүртэл ийм эрэлттэй байна гэж бодохоор Улаанбаатар нээрээ л асар том хот болсон мэт. Яахав, ганцхан театртай болохоор аргагүй байх л даа \Соёмбо гэдэг бас нэг кинотеатр нээгдсэн сурагтай байсан, даанч хол юм шиг байгаа юм\. Хүмүүс их үзээд байгааг бодоход үнэхээр дажгүй кино юм байлгүй \эсвэл бүр хог байж таарна\. Ямар ч байсан гарч дуусахаас нь өмнө үзчих юмсан ухааны юм бодоод харив.

Гадуур хоол идэхдээ хүртэл урьдчилж захиалга өгөхгүй л бол ширээ байхгүй болчихдог талтай болоод байгаа болохоор киноны билет дуусах ч энүүхэнд байх л даа. Entertainment-ын хувьд ч нэг үеэ бодвол асар баялаг болж, өдөр бүр шахуу л ямар нэгэн тоглолт, жүжиг, үзэсгэлэн нээлтээ хийдэг болоод байна. Театрууд нь “Эдип”-ыг тавьж байхад клубууд нь гадаадын янзан бүрийн дижей нарыг авчирч тоглуулаад л…  something for everybody юм даа. Урьд өмнө нь хэрэгт дуртай байсныг хэлэх үү, хаана юу болж байна бүгдийг нь олж үзчих гээд байсан бол одоо хүссэн ч гэсэн амжихаа байж дээ. Том хот оо гэж.

УБ-т амьдрах гоё шүү…

Continue Reading

Carrot vs. stick

Африкийн улс орнууд засаглалын тал дээр аливаа муу муухай, болж бүтэхгүй бүхний жишээ болдог. Байгалийн баялаг ихтэй хэрнээ авилгалд баригдсан, дээрээс нь AIDS гэж нэг аймшигтай… нэг үгээр хэлэхэд, бид буруу замаар будаа тээвэл ямар болохыг яруу тодоор илтгэх газар гэж ойлгогддог. Онигоо хүртэл байдаг биз дээ:

Н.Энхбаяр Африкийн нэгэн улсад айлчилжээ. Тус улс нь эдийн засгийн хувьд манайхтай төстэй хэрнээ ерөнхийлөгч нь тамтаггүй баян, торго дурданд умбасан нэгэн байх юм гэнэ. Энхбаяр гайхсандаа “Чи яаж ингэж баяжаад байна аа” гэж асуутал нөгөөх нь “Хөгшөөн, цонхоор хардаа” гэжээ. Энхбаяр цонхоор хартал нэгэн гүүр байж гэнээ. Африк анд нь түүнд “Наад гүүр чинь хоёр дахин урт байх ёстой байсан юм” гэж хэлээд явуулжээ.

Ирэх жил нь Африкийн улсын ерөнхийлөгч манай улсад айлчлав. Тэгтэл Энхбаяр өөрөөс нь илүү баян тансаг амьдарч байх юм гэнээ. “Найз минь, яаж ингэж амьдарч чадаад байна аа?” гэж асуухад нь Энхбаяр түүнд мөн л цонхоор харахыг зөвлөжээ. “Энд чинь юу ч байхгүй байна шүү дээ” гэж Африк анд нь дуу алдтал Энхбаяр “Харин тэгээд яачихав” хэмээн инээд алдчихсан зогсож байх юм гэнэ.

Ямар ч байсан тэд бидний адил авлигачидтайгаа тэмцэх гэж янзан бүрийн арга чарга сэддэг бололтой. Айлгаж үзээд барахгүй болохоор нь бүр сүүлдээ урамшуулж үзэж байх шиг. Өнгөрсөн жил Суданаас гаралтай нэгэн Англи бизнесмен өөрийн нэрэмжит Ibrahim Prize for Achievement in African Leadership хэмээх шагналыг үндэслэсэн байна. Уг шагнал нь Африк тивийн хэмжээнд сайн засаглалыг дэмжих, шударга лидеруудыг урамшуулахад зориулагдаж буй аж. Энэ жил тус шагналыг Ботсваны ерөнхийлөгч асан Festus Mogae авсан байна. Наад зах нь уул уурхайн салбарыг хэрхэн яаж оновчтой зохицуулах тал дээр Ботсвана ямагт сайны жишээ болж байдаг тул Festus Mogae энэхүү шагналыг зүй ёсоор хүртсэн гэж хэлж болох байх \мань мэт нь ямар нарийн ширийн асуудлыг нь мэдэх биш, өнгөц л дүгнэж байгаа юм\. Ibrahim Prize-ыг 5 сая ам. доллар дагалддаг бөгөөд энэхүү мөнгийг шагналын эзэнд 10 жилд хуваан олгохын зэрэгцээ түүнээс хойш жил бүр 200,000 ам.долларын цалин өгөх аж. Өндөр албан тушаалаасаа огцорвол ямар ч амьдралгүй болно хэмээн айсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглах, түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэх нь элбэг байдаг тул энэхүү шагнал нь шагналын эздүүдийн хувьд орлогын тогтмол эх үүсвэр бий болгох зорилготой гэжээ.

Магадгүй бид Авлигатай тэмцэх газрын дөрвөн жилийн төсвийг хураан авч шагналын сан үүсгээд, улс эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, албан үүргээ шударгаар биелүүлсэн түшмэлүүдэд мөнгөн шагнал олгох ёстой ч юм билүү… АТГ-аас хамаагүй илүү үр дүнтэй ч байж мэднэ.

Continue Reading

TV 2.0

Би дээр учиргүй телевизоргүй гээд л онгироод байсан даа… Гэтэл Олимпийн жил тохиож, манай баг тамирчид шар пиджакаар гангарах сургаар янзан бүрийн дарамт шахалтанд орж яаравчлан телевизор худалдаж авлаа, мөн аргагүйн эрхэнд кабель тавиулав. Олимпийн үеэр ч сайхан байсан л даа, ядаж байхад манайхан өдөр бүр ялаад л… Манайхан гардаггүй юм аа гэхэд Phelps хэрхэн яаж балай авч байгааг харж баясах гэх мэт үзэх юм ихтэй байлаа. Тэгсэн Олимп гээч нь юу юугүй дуусчихдаг юм байна, тэглээ гээд ямар кабелийн гэрээгээ огцом цуцлалтай биш. Бантсандаа нэг хэсэг орой бүр ТВ үзэж суув.

Ямар ч байсан хорь гаруй Монгол суваг байдаг юм байна… Бүгд л өөр өөрсдийн бизнес мэдээ, реалити шоу, Алтантүрүүтэй. Оройдоо мэдээж бүгд кино гаргана. Зарим нэг нь сэргэлэн гэж жигтэйхэн, зүгээр ч кино гаргачихгүй, хэд хэдэн киноны сонголт тавьчихаад, алийг нь гаргах талаар хүмүүсээс санал авах нэрийдлээр баахан мессеж бичүүлнэ. Саналынх нь тоо юу юугүй 1,000 давахыг бодоход хүмүүс бичдэг бололтой. Ядаж байхад мессежээр санал авах бүрт нь эротик кино түрүүлэх бөгөөд хүмүүсийн дур сонирхол нэгэнт ойлгомжтой тул Батманд санал өгөх нь мессежны гарз болно. Ер нь манай телевизүүд үзэгчидтэйгээ харилцах тал дээр хэнийг ч дагуулахгүй, мэдээний үеэр хүртэл үзэгчдийн санал хүсэлтийг хүлээж авна, утас дугарахад хөтлөгч нь сандарч ирээд л, өгүүлбэрээ ч дуусгаж амжилгүй утсаа авч байх жишээтэй. Web 2.0 гэдэг шиг TV 2.0 гэдэг нь энэ буюу.

Ямар нэгэн зүйл үзээд сууж байтал сурталчилгаа яваад эхэлчихвэл юу үзэж байснаа мартах шахдаг тул шууд бууж өгөөд, өөр юм хайсан нь дээр юм шиг байгаа юм. Гэхдээ “таны нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг чухам гар утасны чинь дугаар илэрхийлнэ”, “Котекс ариун цэврийн хэрэглэл шиг гоё тансаг зүйл энэ хорвоо дээр үгүй”, “манай банкинд мөнгөө хадгалуулвал Итгэлт баян ч танд атаархах болно” гэх маягийн рекламууд нь хааяадаа нэвтрүүлгүүдээсээ илүү зугаатай. Нэгэнт л бүх телевизууд маань “чөлөөт, ардчилсан, хувийн” тул реклам ч яахав. Харин манайхан шиг дуу хууранд дуртай хүмүүс ховор байх аа. Бүхэл бүтэн 24 цагийн хөгжмийн суваг байхын зэрэгцээ суваг тус бүрээр орой болгон ямар нэгэн хөгжмийн нэвтрүүлэг гарна, нэвтрүүлэг гардаггүй юм аа гэхэд ганц нэг клип заавал явуулна. Аргагүй биз дээ, ерөнхий сайд нь хүртэл шилдэг продюсерын шагнал аваад байхад. Ямар ч байсан Ариунаа Сарантуяа, Харанга Хурд, Камертон Номин талстын үеийг бодвол дуучид маань асар өнгөлөг болжээ \зарим нэгэн “энэ яах гэж өөрийгөө ингэж зовоодог байна аа” гэмээр нөхдийг эс тооцвол\.

Монгол ТВ сувгууд ойлгомжтой болоод ирэхээр орос каналуудыг сонирхож эхлэв. Нэг оройжин “Что, где, когда”-г гарахыг хүлээлээ, цагийг нь андуурсан уу яасан, олж үзэж чадсангүй. Бусад мэддэг нэвтрүүлгээс “Поле чудес”-ыг л олж харах шив. Якубович гуай бахь байдгаараа л… Гэхдээ “Поле чудес”-ыг ер ойлгодоггүй юм, оролцогчид нь шагнал хожих гэж нэвтрүүлэгт ордог юм уу эсвэл Якубовичид ямар нэгэн “нутгийн” юм бэлэглэх гэж очдог юм уу, харах тоолонд л аль нэгэн оролцогч нь тор дүүрэн юм гаргаад тавьчихсан, “примите наш скромный подарочек”, чухам танд л өгөх гэж чирж ирлээ ухааны юм ярьсан шигээ өнөөх тороо ухчихсан зогсож байх юм. Үг мүг таах бол хоёрдугаар асуудал. Музей Поле чудес гэдэгт нь бүхэл бүтэн байшин хэрэг болдог байх аа.  

Ер нь оросууд иймэрхүү хөгжөөнт, тааварт нэвтрүүлгүүдэд их дуртай юм шиг байгаа юм. “Who wants to be a millionaire” маягийн нэвтрүүлэг маш олон, суваг солих бүрт л нэг нөхөр ямар нэгэн сонин асуулт тавьчихсан, хэдэн хүмүүсийг байдгаар нь зовоочихсон зогсож байх. Харин киноны тал дээр оросууд асар хоцрогдмол болж таарсан, телевизууд нь байнга Вандаммтай боевик гаргаад байхыг бодоход хүмүүс нь үзэх дуртай байдаг юм байлгүй (Van Damme гэж google-дэхэд түүний орос фэн сайт эхний хэдэн сонголтод багтаж байна лээ, Орост цаадах чинь юун Michael Jackson, Madonna юм шиг байгаа юм). Вандаммын кино дуусаад ирэхээр Стивен Сигал гэх мэт рүү орчихно, санаа амар. Хажууд нь манайхны гаргадаг кинонууд сүрхий, хааяа бүр хаанаас олж авсан юм бэ гэмээр далий кино гаргана \даанч орчуулна гэж алаад хаячихдаг болохоор үзэхэд төвөгтэй\. Гэснээс, нөхдүүд чухам англи хэлийг Монгол улсын албан ёсны хэл болгоно гээд л байсан, тэгж тэнэгтэхийн оронд ТВ-ууд гадаад киногоо англи титртэй гаргаж болдоггүй юм байх даа, хүмүүст хэл сурахад нь тус дэм болмоор юм…

Телевиз нэг иймэрхүү… Одоо ч хааяа нэг Bloomberg, BBC гэх мэтийг харж худлаа чухал царайлна уу гэхээс биш өөр үзэх юм олдохоо байж байх шиг байна. Ядаж байхад мэдээний сувгаар нь дандаа тийм ч компани дампуурсан, ийм ч ханш унасан гэж ирээд л сандраагаад байх юм. Уйдвал хэзээд Solitaire тоглож болох юм чинь дараагийн Олимп хүртэл кабелиа түр салгуулдаг ч юм билүү… 😛

Continue Reading

Мянгат малчны өчил

Өнөө өглөө босоод иртэл яасан гэж санана аа! Хүрэн азарга маань уурандаа багтраад, ягаан ухнын минь өрөөсөн эврийг хуга тангарчихжээ. Аргагүй шүү дээ! Тавын таван хошуу мал байсаар байтал нэгд нь мөнгө өгөөд нөгөөг нь ялгаснаас болоод тэр!

Малчин би, малыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг Монголын УИХ-д үнэн голоосоо гомдож байна. УИХ-ын тэнэг гишүүд, энэ тэнэг хуулиа эргэж хараад таван хошуу малд тавууланд нь мөнгө өгмөөр байна! – Амарсайхан

Мэдсэн бол ямаачин болдог байж… 10 хүүхэдтэй, 100 ямаатай байхад мөнгөний асуудал нэг хэсэгтээ шийдэгдлээ шт, өдийд гэдсээ илээд хэвтэж байхгүй юу…

Continue Reading

Мэдээллийн хомсдол

Өчигдөр учиргүй идэвхи гаргаж, орон нутгийн сонгуульд анхны удаа саналаа өглөө. Мань мэт нь ч яахав, уранхай жийнстэйгээ л очсон, харин санал авах байранд хэдэн торгон дээлтэй эмээ нараас өөр хүн харагдсангүй…

Шөнө 22 цаг өнгөрөөгөөд сураг тавьж суутал ирцийн талаарх мэдээллийг хэн ч өгсөнгүй. Хэдэн сэтгүүлчид л УБ-т ирц хүрэхгүй байх магадлал өндөр байгаа талаар баахан таамаглал дэвшүүлж, хий ярьцгаав. Уул нь санал хураалт хаасны дараа 1-2 цагийн хооронд ирцийг эрхбиш тоолоод гаргачихмаар юм. Өнөө өглөөнөөс эхлээд дахиад л сураг тавилаа. Гэтэл өнөөх олон ТВ суваг нь өчигдөр орой гаргасан болсон болоогүй хэдэн кинонуудаа л давтаж гаргаад байх юм. Сонин дээр ч олигтой мэдээлэл байсангүй. Ганц нэг вебсайт л эх сурвалж нь тодорхойгүй, товчхон гэхэд ахадмар хэдэн өгүүлбэр тавьсан байх юм \тэр дундаас хамгийн дөнгүүр нь news.mn\

Уул нь өдийд аймгуудын дүнг тоолоод дуусчихсан л баймаар юм. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн дүнгээ ядаж цаг тухайд нь нэвтрүүлээд байж болдоггүй юм байх даа. Өчнөөн олон ТВ суваг, сонин сэтгүүл байх юм, гэтэл нэг нь ч олигтой мэдээлэл өгчихөж чадахгүй байна. Байдал ийм байхад хүмүүс бухимдалгүй яахав дээ. Мань мэт нь цаг заваа хумсалж ирээд л нэг юм саналаа өгнө, даанч дараа нь хэн ч бидэнд байдал ийм байна, тийм байна гэж тоож мэдээлэхгүй. Энэ олон ТВ, сонинууд ямар зорилгоор оршин тогтнодог оо ч ойлгодоггүй юм шиг байгаа юм \эсвэл үүргээ хэт сайн ойлгодог байх\.

Мэдээлэл чухал гэж яриад л байдаг, гэтэл түүнд ач холбогдол өгч байгаа хүн амьтан даанч алга. Наад зах нь өчигдөр саналаа өгөх гээд очиход нэр дэвшиж байгааг нь ч мэдээгүй, нэрийг нь ч сонсоогүй хэд хэдэн хүмүүсийн нэр саналын хуудас нь дээр байх юм. Гэрт авчирч өгсөн нэр дэвшигчдийн сонин сэтгүүлийг нь хальт гүйлгэж хараад л байсан, гэтэл зарим нэг хүмүүсийн материал ер орж ирээгүй. Заавал учиргүй хэдэн арван мянган ширхэг цаас хэвлэж тараа гэж хэлээгүй л дээ, гэхдээ ядаж нэг вебсайт хийгээд \цааснаас хамаагүй хямдхан шүү дээ, үнэгүй ч байж болно\, хаягийг нь энд тэнд хадчихгүй дээ гэж бодов. Аягүй л бол мөнгө төгрөг байхгүй гээд л арчаагүй царайлаад сууж байсан даа. Нэр дэвшигчид нь ингэж идэвхи гаргадаггүй юм аа гэхэд ядаж Сонгуулийн Ерөнхий Хороо нь сайт нь дээрээ нэр дэвшигчдийн товч намтарыг болтугай тавьчихгүй…

Вебсайт гэснээс, энэ жилийн сонгуульд асар олон залуучууд нэр дэвшсэн л гэж яриад байна, гэтэл тэдний дунд интернетээр дамжуулж сурталчилгаа хийсэн хүн маш цөөн байх шиг харагдсан. Уул нь залуучууд нь иймэрхүү зүйлд арай өөрөөр хандмаар юм, гэтэл бараг хөгшчүүлээсээ долоон дор болж таарлаа.  Тэгэхээр шинэ үеийн дарга цэрэг нар нь ийм байхад цаашдаа мэдээллийн нээлттэй байдал сайжирна гэдэг юу л бол…. яаж хүн болж ялаа ална даа.

Ямар ч байсан УБ-т дахин санал хураалт явагдах магадлал өндөр байгаа гэж ойлгож байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн хэнд нь ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд саналын хуудсаа хайрцаганд хоосноор нь хийж болно. Хэрэв хоосон саналын хуудас хамгийн олон болж таарвал яах ёстой юм бол? Энэ талаар сонгуулийн тухай хуулинд:

41.8.Санал огт  тэмдэглээгүй буюу бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.

Хэнийг ч дэмжээгүй санал хамгийн олон байвал нэр дэвшигчид бүгд нэрээ татаж, сонгуулийг дахин зарлах болов уу? Энэ тухай хуулинд дурдагдаагүй байна.

Харин дахин сонгууль явуулах тухайд:

45 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийг хүчингүйд
тооцох, дахин сонгууль явуулах

45.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо дор дурдсан тохиолдолд орон нутгийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулах шийдвэр гаргана:

45.1.2.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал.

45.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал хураалтад оролцоогүй;

45.2.Дахин сонгуулийг тухайн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд явуулна.

45.3.Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан зохион байгуулна.

Энэ суулчийн заалт ямар учиртай юм бол? Нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дахин зохион байгуулах буюу намууд нэр дэвшигчдээ сольж болно гэсэн үг үү? Сонгууль дахих шийд гарлаа гэж бодоход хууль нь бас зөндөө цоорхойтой болж таарна даа… Дахиж санал өгнө гэдэг хэцүү л сонсогдож байна…

PS: сонгууль ч яахав, өнөөдөр эдийн засгаар Нобелийн шагнал хэн авах нь тодрох ёстой. Тэд ч дүн нь гарав уу үгүй юу вебсайт нь дээрээ тавьчихдаг хойно ингэж хүлээж суухгүй, амар л даа.

Continue Reading