Сонгууль

Анхны удаа ерөнхийлөгчийн сонгуульд санал өгч үзлээ. Харамсалтай нь миний дэмжсэн хүн ялсангүй… Уул нь бүтэн сайны өглөө сүр дуулиантайгаар М. Энхсайханы нэрийг дугуйлчихаад явсан юм. Гэхдээ яах вэ… ялагдах нь ялалтын эхлэл байдаг гэдэг тул нэг их сэтгэлээр унаад байх нь хаашаа юм. Ямар ч байсан Н.Энхбаяр нэг жилийн дотор Ерөнхий Сайд, УИХ-ын Дарга, Ерөнхийлөгч гээд Монгол Улсын төрийн өндөрлөг бүрийг эзэгнэчихлээ шүү… тэр айгүй л бол бяцхан рекорд тогтоосон байх, Гиннес энэ тэрт хандмаар юм гэсэн.

Сонгуулийн урьдчилсан дүн:

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 53.46%
АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 19.76%
БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.92%
ЭОН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11.49%

Хот хөдөөгөөр нь салгавал:

Н.Энхбаяр – хєдєє /52.53/ , нийслэлд /58.71/
М.Энхсайхан – хєдєє /20.9/, нийслэлд /17.57/
Б.Жаргалсайхан – хєдєє /12.61/, нийслэлд /16.47/
Б.Эрдэнэбат – хєдєє /12.44%/, нийслэлд /9.67%/

Сонгуулийн дүнд нутгийн фактор асар хүчтэй нөлөөлдөг нь илэрхий байна. М. Энхсайхан нийт сонгогчдын 20 орчим хувийн саналыг авсан бол тэрбээр Дорнодын ард иргэдийн 33.53 хувийн дэмжлэгийг хүлээжээ. Эрдэнэбат Хөвсгөлөөс гаралтай бөгөөд тэрээр нутгийнхаа сонгогчдын 39.87 хувийн саналыг авсан нь түүний дундаж үзүүлэлтээс 4 дахин том тоо юм. Жаргалсайхан Булганд 34.64 хувийн санал авсан нь мөн түүний дундаж үзүүлэлтээс хэд дахин их байна. Харин Н. Энхбаярын хувьд нутгийн фактор нэг их нөлөөлөгүй бололтой… тэрээр Архангайд “ердөө” 57.09 хувийн санал авсан байна. Архангай уугаасаа их цэнхэр аймаг бөгөөд тэнд Ардчилсан нам суурь сайтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн бизээ. Энхбаяр Увсын сонгогчдын 70.2 хувийн саналыг авсан нь энэ сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Эрдэнэтийн дүн бас их сонирхолтой санагдлаа. Тэнд Энхбаяр хамгийн бага буюу 42.49 хувийн санал авсан байна. Энхсайханы санал 15.06 хувьтай тэнцсэн бол Жаргалсайхан Эрдэнэтэд их эрэлттэй байсан бололтой – 29.81 хувь. Эрдэнэтэд ямар сурталчилгаа хийгдсэн юм бол доо, тэндхийн дүн улсын дунджаас нэлээн зөрсөн байх чинь…

Энэ зун хотынхон бас дахиад нэг сонгуулийн хөлд дарагдах нь дээ – Н. Энхбаярын УИХ-ын тойрогт дахиад сонгууль явагдах болно. 2000 он болон 2004 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр Баянгол дүүргээс сонгогдсон бөгөөд түүнтэй Баянгол дүүргийн Ардчилсан Намын дарга С. Эрдэнэ өрсөлдсөн. Энэ удаад юу болох бол? Сонин хэвлэлээр С. Эрдэнэ versus С. Баяр гэх хувилбар яригдаад байх шиг байна… харж л байхаас.

Бусдаар бол Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглал гэх мэтээр янз янз болохгүй бол барав… Сонгуулийн сурталчилгааны үеэр Жаргалсайхан, Эрдэнэбат хоёр лав юу юу яриад байв аа? Жаргалсайхан учиргүй зэвсэгт хүчнийг командлаад засгийн эрхийг гартаа авах нь холгүй юм ярьж явсан бол Эрдэнэбат Путин юм уу Ху Жинтао мэт удирдагч байхыг эрмэлзэнэ гэх шиг болсон. Энэ хоёрын нэг сонгогдчихсон бол бүр балрахгүй юу…

PS: сонгуулийн дүнгийн мэдээг olloo-гоос авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *