Номын захаас барааны зах хүртэл

Бүтэн сайн өдөр өглөө эрт босож, хоттойгоо дахин танилцдаг баатар болсон биш залхуурч залхуурч, нэг юм үдээс хойш гэрээсээ хамраа цухуйлгав. Яаж зүгээр байхав, Урт цагааны хуучин номын зах дээр очиж, жаал ном сонин сонирхов. Ганц хоёр жилийн өмнө хуучин ном хоёр гурван мянган төгрөгийн үнэтэй байдаг байсан бол одоо арван мянгаас буухаа байжээ \бензины үнэ л буруутай байх, :P). Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь харагдахаар нь баярлаад авах гэтэл 70,000 төгрөг гэдэг юм байна. Юу юугүй далан мянган төгрөг үрж байснаас эмээ өвөөгийн номын санг “дээрэмдсэн” нь дээр юм байна ухааны юм бодсон шиг ээ цааш алхалаа. Нэг үеэ бодвол ном асар үнэтэй болчихжээ \аргагүй байх л даа, хаа газар л үнэтэй байдаг юм чинь… \

Ганц нэг ном авахгүй бол болохооргүй санагдаад Чарльз Диккенсын Дэвид Копперфилдын орчуулгыг ёсөн мянган төгрөгөөр худалдаж авав. Харамсалтай нь хэн орчуулсан, хэдэн онд хэвлэгдсэн нь тодорхой бус байлаа. Ямар ч байсан 60-аад оны хэвлэл бололтой. Гоё хэвлэл байна лээ, зөндөө олон иллюстрацитэй, хатуу хавтастай, :P. Манайхан Диккенсын овоо хэдэн зохиолыг орчуулсан байдаг шиг санагдаж байна. Тухайн үеийн Английн нийгмийн харгис тогтолцоо, ядуусын амьдралыг яруу тодоор харуулж чадсан гэдэг утгаараа үзэл суртлын хувьд дэмжигдсэн юм байлгүй. Диккенсын “Оливер Твист” мөн харагдана лээ.

Урт цагаан дээр байдаг номын худаалдачид сонирхолтой хүмүүс шиг санагдаад байдаг юм. Хааяа нэг очиж буу халж баймаар… Жоохон байхдаа номын санч болохыг мөрөөддөг байсныг хэлэх үү, нэг л гоё санагддаг юм. Гэснээс, ойрд ерөөсөө номын сан ороогүй юм байна. Арван жилд байхдаа ДСНК-гийн орос номын санд байнга очдог байж билээ. Одоо тэр нь байдаг юм болов уу даа.

Номын захаас гараад Нарантуул зах оров. Бас л сонирхолтой газар шүү. Юу эс байхыг нь яанаа. Өвөл ойртсон биш үүдэнд нь баахан цонх дулаалгын материал зарсан хүмүүс зогсчихсон, порлон, скоч, замазка гэх мэт шаардлагатай бүхнийг багцлаад зарж байна лээ. Зах зээлийн мэдрэмж ээ гэж. Гэснээс, өвөл зах арай л хэцүү шүү… Ер нь Сайхансамбуу тэнд ажилладаг хүмүүст ямар сервис үзүүлсэн гэж түрээс авдаг юм болоо. Газрын зөвшөөрөл авч, хашаа барьсныхаа төлөө юу? Ядаж битүүлчихэж болдоггүй юм байхдаа, тэр олон хүнийг хар хүйтэнд гадаа зогсоогоод…

УБ-т нэг иймэрхүү… амьдрал өрнөсөөр.

You may also like

6 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *