Carrot vs. stick

Африкийн улс орнууд засаглалын тал дээр аливаа муу муухай, болж бүтэхгүй бүхний жишээ болдог. Байгалийн баялаг ихтэй хэрнээ авилгалд баригдсан, дээрээс нь AIDS гэж нэг аймшигтай… нэг үгээр хэлэхэд, бид буруу замаар будаа тээвэл ямар болохыг яруу тодоор илтгэх газар гэж ойлгогддог. Онигоо хүртэл байдаг биз дээ:

Н.Энхбаяр Африкийн нэгэн улсад айлчилжээ. Тус улс нь эдийн засгийн хувьд манайхтай төстэй хэрнээ ерөнхийлөгч нь тамтаггүй баян, торго дурданд умбасан нэгэн байх юм гэнэ. Энхбаяр гайхсандаа “Чи яаж ингэж баяжаад байна аа” гэж асуутал нөгөөх нь “Хөгшөөн, цонхоор хардаа” гэжээ. Энхбаяр цонхоор хартал нэгэн гүүр байж гэнээ. Африк анд нь түүнд “Наад гүүр чинь хоёр дахин урт байх ёстой байсан юм” гэж хэлээд явуулжээ.

Ирэх жил нь Африкийн улсын ерөнхийлөгч манай улсад айлчлав. Тэгтэл Энхбаяр өөрөөс нь илүү баян тансаг амьдарч байх юм гэнээ. “Найз минь, яаж ингэж амьдарч чадаад байна аа?” гэж асуухад нь Энхбаяр түүнд мөн л цонхоор харахыг зөвлөжээ. “Энд чинь юу ч байхгүй байна шүү дээ” гэж Африк анд нь дуу алдтал Энхбаяр “Харин тэгээд яачихав” хэмээн инээд алдчихсан зогсож байх юм гэнэ.

Ямар ч байсан тэд бидний адил авлигачидтайгаа тэмцэх гэж янзан бүрийн арга чарга сэддэг бололтой. Айлгаж үзээд барахгүй болохоор нь бүр сүүлдээ урамшуулж үзэж байх шиг. Өнгөрсөн жил Суданаас гаралтай нэгэн Англи бизнесмен өөрийн нэрэмжит Ibrahim Prize for Achievement in African Leadership хэмээх шагналыг үндэслэсэн байна. Уг шагнал нь Африк тивийн хэмжээнд сайн засаглалыг дэмжих, шударга лидеруудыг урамшуулахад зориулагдаж буй аж. Энэ жил тус шагналыг Ботсваны ерөнхийлөгч асан Festus Mogae авсан байна. Наад зах нь уул уурхайн салбарыг хэрхэн яаж оновчтой зохицуулах тал дээр Ботсвана ямагт сайны жишээ болж байдаг тул Festus Mogae энэхүү шагналыг зүй ёсоор хүртсэн гэж хэлж болох байх \мань мэт нь ямар нарийн ширийн асуудлыг нь мэдэх биш, өнгөц л дүгнэж байгаа юм\. Ibrahim Prize-ыг 5 сая ам. доллар дагалддаг бөгөөд энэхүү мөнгийг шагналын эзэнд 10 жилд хуваан олгохын зэрэгцээ түүнээс хойш жил бүр 200,000 ам.долларын цалин өгөх аж. Өндөр албан тушаалаасаа огцорвол ямар ч амьдралгүй болно хэмээн айсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглах, түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэх нь элбэг байдаг тул энэхүү шагнал нь шагналын эздүүдийн хувьд орлогын тогтмол эх үүсвэр бий болгох зорилготой гэжээ.

Магадгүй бид Авлигатай тэмцэх газрын дөрвөн жилийн төсвийг хураан авч шагналын сан үүсгээд, улс эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, албан үүргээ шударгаар биелүүлсэн түшмэлүүдэд мөнгөн шагнал олгох ёстой ч юм билүү… АТГ-аас хамаагүй илүү үр дүнтэй ч байж мэднэ.

You may also like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *