Миний нэг өдөр

Сайн байцгаана уу, залуусаа?

Нэлээн удаан блог бичсэнгүй. Баахан ажил хөдөлмөр, дээрээс нь диплом, хичээл гээд нөлөөлөх хүчин зүйлс их байлаа.

Энэ удаагийн блогоо өөрийнхөө нэг өдөр хийсэн болон хийх гэж байгаа ажлаар бичихээр шийдлээ.

Өнөөдөр шөнө 4 цагт найзаас миний ирсэн message-ээр эхэлдэг юм байна. Би шал согтуу байна хаана байгаагаа ч мэдэхгүй байна, чи хаана байна гэсэн үгсээр эхэлдэг юм байна. Ах нойронд дундаа юун тэр согтуу энэ тэр хамаагүй утсаа унтараачихаад үргэлжлүүлээд унтаад өглөө. Тэгсээр өглөө болж сэрүүлэг дугаарах нь тэр, өчигдөр хээр гарч 10 шахам километр алхсан болоод ч тэр үү? Хамаг бие сайн амарч чадаагүй юм шиг санагдаад буцаж унтмаар байдаг. Би байгаль судлалын мэргэжилтэй болохоор хөдөө гадуур их явна, тэгэхээр сайн тамирчнаас дутахгүй биеийн хөгжилтэй байх хэрэгтэй л дээ. Гэхдээ өчигдөр ямар ч бэлтгэлгүй байж байгааад тэмцээнд орсон тамирчин шиг нурчихсан байна. Даанч өглөө хичээлтэй болохоор босохоос өөр аргагүй боллоо.

Босоод юм олж идчихээд шууд сургуулийн зүг алхах нь тэр, манай сургууль гэр 2 хооронд ойрхон болохоор өглөө алхах нь бодол цэгцлээд өдрийн төлөвлөгөөгөө эргэн бодох цаг гаргаж өгдөгөөрөө сайхан байдаг юм. Замдаа юм бодонгоо хип хоп дуу сонсоод надтай хамт ажил сургууль руугаа яваа хүмүүсийг хараад инээдтэй нэгийг нь шоолоод дэгжин охидыг хараад нүдээ хужирлачихаад сургууль руу баярын мишээл дүүрэн явах сайхан байдаг юм. Мэдээж гадаа дулаахан байх үед ш дээ.

Сургууль дээрээ очоод ганц хүндэлдэг багшийнхаа лекцыг сонсоод 1 цагийг хурдан өнгөрөв. Дараагийн цаг бурхан минь надаас долоон доор заадаг жаахан хүүхэн заадаг болохоор суусан болоод л гарав. Хамгийн сүүлийн лекцыг шууд таслав, тэнд сууснаас ажил дээрээ ирээд ажлаа хийсэн нь дээр санагдаад, хэхэхэ том толгой гаргаж байхгүй юу.

Ажил дээрээ ирээд маргааш ямар ч шалтгаанаар юм бүү мэд Магистрын оюутануудад хичээл заах ёстой болохоор тэдэнд зориулаад Presentation бэлтгэх ажилтай, түүнийгээ бэлтгэсээр байгаад бараг өдрийн хоолны цагтай золгов. Гэтэл манай ажлын газрын бүсгүйчүүд нэг мэдсэн чинь бүгдээрээ алга болчихсон байх юм, байгаа нэг нь хоолонд орчихсон гэх нь тэр. Тэгэхээр нь ганцаараа яаж хоол идэх вэ? гэж бодсоор гудамжны эсрэг талд IT park-д оршдог нэг багын найзынхаа ажил дээр очоод хоолонд явах уу? гэж асуудаг баатар болохгүй юу, тэгсэн өөдөөс ажил ярьсаар байгаад хоолны тухай юм яриагүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байна ш дээ. Тэгэнгүүт өчигдөр Японоос ирсэн найзыгаа хүрээд ир, хамт хоол идье гэтэл тэр маань уриалгахан хүлээн авч хүрч ирээд, хамтаа хоол идлээ. Тэгсэн өнөөдөр орой хэдэн журмын нөхдийг цуглуулж пиво уух санаанд хүрэв. Мөн 1нд Инээдмийн баяраар дажгүй хошин шогийн тоглолт үзэх төлөвлөгөө ч зохиогоод байх шиг. Хоол идэж дуусаад ажлын журмаар гарч нэг хүнтэй уулзчихаад дараа нэг найзтайгаа вэб хийнэ гээд хэлчихсэн юм түүн дээр очино доо гэж бодоод сууж байна. Орой хүртэл сууж хийнэ байх гэж бодож байна. Тэгээд оройдоо гарч найзуудтайгаа уулзаж сууя даа.

Үүнээс хараад байхад би гэдэг хүний хувьд найзууд ямар ч гүн гүнзгий утга учиртай юм бэ дээ? Бүүр 6 настайгаасаа найзалсан болохоор ч тэр үү? Заримдаа гэр бүлийн гишүүд шиг байдаг нь сайхан. Бие биеийнхээ гэрт орохоор аав ээж нь “Миний хүү хүрээд ирэв үү?” гэж өхөөрдөж эрхлүүлэх нь гадны хүн харахад нэг л сонин. Бидэнд энгийн үзэгдэл юм аа.

Монголд их ажилтай байх болсон юм шиг санагдаад байх юм. Бүүр хувийн амьдрал ч гэж байхгүй болтлоо ажилтай байна гээд бодохоор заримдаа уур хүрэх юм. За гэхдээ 6 сараас гайгүй болох байх гэж найдаж байна.

Нээрээ бусад Монголд байгаа хүмүүс над шиг ийм их ажилтай байгаа болов уу? Ялангуяа Бодролын зарим баатрууд ямар байдаг гэж бодохоор сонин санагдаад байх юм.

You may also like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *