3rd blog

За ингээд залхуу, туйлбаргүй нэгэн би энд 3 дахь блогоо нээв. Энэ удаад аль болох тууштай, залхууралгүй үргэжлүүлэхийг хичээнээ. Өмнө нь нэг блог дээр нилээн гайгүй сийрүүлдэг болж байгаад нэг л өдөр учир нь олдохгүй залхуурсан. Ийм тохиолдолд хэт удаан завсарлачихаар юунаасаа эхлэхээ мэдэхгүй бодож бодож нэг мэдсэн өөр юманд анхаарал сарниад л, тэгэнгүүтээ шууд алгасаад л, ингээд л өдөр хоног намайг хүлээхгүй, тэр болгон өнгөрснөө сэргээгээд суух зав гарахгүй… Дараа нь нэг японоор бичдэг блог нээгээд овоо л явж байснаа нэг л өдөр залхуу хүрээд, шагайхаа болиод нэг мэдсэн сар шахам өнгөрсөн байв. Өөрийнхөө энэ амархан уйддаг, хэт зоргоороо занг нэг л ойлгохгүй явсаар өдийг хүргэж. Блог уг нь аль болох өөрт өгөөжтэй , бүтээлч байвал тархиа ажиллуулж, цаг заваа зарцуулсаны үнэ цэнэ орших байх л даа. Гэтэл би жирийн нэг тэмдэглэл маягаар өдрийн алба гүйцэтгээд байгаа юм шиг л санагдаад эхэлдэг. Энэ бас л миний юм бүхнээс төгс төгөлдөрийг шаарддаг ядаргаатай зантай минь холбоотой байх л даа. За энэ маягаар БИ гэдэг хүн яагаад блог тогтвортой тууштай хөтлөж, бодол санаагаа хүн шиг цэгцлээд явж чаддаггүй вэ гэсэн асуултад хариул гэж асуувал зөндөө л юм хэлэх нь байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг энэ л дээ.

Одоо тэгэхээр өнгөрсөнөө биш ирээдүйгээ харъя гэсэн. Энэ хаврын амралт ч харвасан сум шиг л сүнхийгээд өнгөрч. Олигтой хийж гийгүүлсэн юу байна. 2 удаа ханиад зооглож, түүнийгээ эдгээх гэж л шуурхайхан баахан эм уух шив дээ. Хүний амьдралд эрүүл мэнд гэдэг асар нөлөөтэй чухал хүчин зүйл юм л даа. Ялангуяа над мэтийн сулавтар амьтад уусан эмнийхээ үйлчлэлд хүртэл туйлдаж орхидог бололтой. Ер нь л ханиад ч бай, олгой энээ тэрээ ямар нэгэн өвчин зовлон гэдэг хүсэх юм биш.

Гэхдээ амралтын дундуур сайхан юм ч бас байсан л даа. Хайртай хүн маань ирсэн, хамтдаа хэд хоногийг сайхан өнгөрөөсөн. Гэвч өнгөрсөн хойно нь бодохоор жаргал цэнгэл гэдэг түр зуурын байх тусмаа амттай, ахиулаад бодвол хүний өөрийгөө хуурах гэсэн хичээл зүтгэлийн үр дүнтэй салшгүй холбоотой гэхчлэн хальт философидсон шиг л өөрийгөө тайтгаруулж суух юм.

Амралт дуусахын даваан дээр ч гэсэн нэг төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой сууж байгаа нь бас л яамай хэрэг. Нөгөөдөр Бээжинд очсон хойноо л буудлын өрөөнд тв-гүй, нет-гүй сууж байгаад жаахан юм харж уншиж бэлдэхээс. Цаг мөнгө зараад, дипломын ажлынхаа судалгааг хийхээр явж байгаа хүн над шиг ингэж боддог болов уу. Юмыг тэр өдрийн тэнгэрт нь даатгахгүй, ухамсартайгаар алхаж гишгэж сурах юмсан. Хүн насан туршдаа суралцаж боловсорч дуусахгүй байсаар төгсдөг гэдэг. Гэхдээ 60 хүрч жаахан юм ойлгонгуутаа 61-тэй чадхийчихмээргүй л бх юм. Ер нь 61-тэй бүх юм дуусчих юм бол хоёрын хооронд 60 хүрсэн хойноо ухаан суухгүй байсан нь дээр ш дээ, яршиг. Тэнэгийн дотор уужуу гэгчээр үхэхдээ элдэв санаа зовох юмгүй тайван үхвэл өөрт амар.

Ингээд л нэг мэдэхэд л дэмий юм руу хошуугаа дүрсэн л сууж байх юм. Өнөөдөр дээд курсийнхэн маань дипломоо гардаж авч байгаа. Орой тэднийг гаргаж өгөх үдэлтийн партитай. Идэж уух юманд уг нь явмааргүй л байх юм. Гэтэл ганц өөрийнхөө сэтгэлээр шийдчихэж болохгүй, бусдыг хүндлэх гэхүү олны жишиг дагах гэхүү нэг тиймэрхүү алба гүйцэтгэх шаардлага өдөр тутам тулгарах нь нийгэм гэгч юм даа.

Өнөөдөр энэ тэнгэр цэлмээд овоо хавар юм шиг царайтай байна. Нүүрээ угааж нөгөө хувцасаа өмсөөд гарч алхдаг юм билүү.

You may also like

5 Comments

  1. Neeree ch buhnees togs togoldoriig sharddag hun tsag,bolomj aldah Chance ondorte,gehdee ugu ch bj bas boldog,,Zovhon nadaas l shaltgalna shudee…ene bol harin tuiliin UNEN.Tegvel, tegsen hernee yagad TIIM bj chadahgu bna ve…ene bol jinhene chinii heldeg uidamha,zorgooroo,TEVCHEERGU zanta holbootoi.hussen ur dundee hurehgu,haramsaj suuh shig adgiin archaagui um bdaggui,So….Aiiiimshigta ih Tevcheer….Tevchih heregte,hezee ch bitgii BUUJ OG…!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *