Мэдээ гэж… эсүүл мэдээллээ гэж…

Дэлхий арай хурдан эргээд байх шиг, 7 хоногийн дотор гэсэн хараа гүйцэхээргүй үйл явдлууд буцалчихаж.

Ирэх сард болох Бушийн аялалыг Батлан хамгаалахын сайд нь тэгшилж явахыг бодоход консервативууд цэргийн салбартаа илүү найддагаа бататгах мэт. Рамсфельд бүтэн 3 өдөр Хятадад айлчлахдаа Бээжингийн ойролцоо байрлах 2-р артиллерийн нууц штабт зочилж тийшээ нэвтэрсэн анхны гадаад хүн болсон нь Хятадын талыг цэргийн зардлаа дарж байна гэж байнга харддаг Рамсфельдийг түр тайвшруулж, “Хятадын аюул” гэгчийг саармагжуулах бас нэгэн алхам юм гэж үзжээ, тоймчид. Ямарч байсан Рамсфельд Хятад илүү нээлттэй ил тод байх ёстой гэж үздэгээ нутаг дээр нь ирэхдээ ч давтаж авсан байхад Хятадууд ч өөдөөс нь хэлдэг юмаа хэлж, Хятадын гол зорилт эдийн засгийн хөгжил, 30.2 тэрбум ам.долларын цэргийн төсвөө нуугаад байсан юмгүй гэж БХЯ-ны сайд Сао Ганчуан нь гомдов. Сансарт хоёр дахь удаагаа хүн амжилттай нисгээд байгаа Хятад нь АНУ-ын стратегийн өрсөлдөгч, гэвч нөгөө талаар бүх салбарын хамтран ажиллагч байдаг болохоор энэ хоёр тэсрэг үзэгдэл нь тэдний харилцааг түвэгтэй болгодог юм. Энэ айлчлал тэднийг ямарч байсан хамтран ажиллах талруугаа хэлбийх цаг болсоныг хэн хэн нь хүссэн гэдгийг илтгэж байна. Тэгээд ч Азид нөлөө бүхий Хятадтай хэл амаа олохгүйгээр Ази дахь асуудлаа шийднэ гэдэг АНУ-д хялбар биш гэдгийн нэг жишээ бол Умард Солонгосын цөмийн асуудал бөгөөд 6 талын хэлэлцээрт Хятадыг гол үүрэгтэй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч Хойд Со-нуудад шахалт үзүүлэхийг үе үе Хятадаас хүсдэг юм. Энэ гол дүрийг ч Хятадууд ашиглахаа андахгүй, Умард Солонгос дахь нөлөөгөө бэхжүүлэхээр ирэх 7 хоногт Ху Зиньтао Умард Солонгост айлчлахаар болж байх шив.

Харин Рамми Монголд ирнэ гэдэг хятадуудын хувьд хүсээд байх эд лав биш. Энэ жил Хятадын нэг судлаачын бичсэнээр АНУ Монголын цэргийн харилцаа гүнзгийрч улмаар АНУ монголд цэргийн бааз байрлуулахдаа тулвал энэ нь Хятадын эргэн тойрон дахь АНУ-ын “U” хэлбэрийн стратегийн хяналтын хүрээ “О” буюу бүтэн тойрог болж аюулгүй байдалд нилээд нөлөө үзүүлнэ гэсэн байна лээ. Гэхдээ АНУ Хятадтай сөргөлдөн байж Монголтой хөтлөлцөнө гэж байхгүй л дээ, ямарч байсан АНУ-д Азийн цээжинд анд найзтай байх нь тун муугүй хэрэг гэдэг нь тодорхой. Рамми Хятадад 3 өдөр, харин Монголд хагас өдөр саатлаа.

Зак тэгээд энэ долоо хоногт өдөр алгасаагүй цацагдсан мэдээ бол “террорист шувуу” гэж байгаа. Амиа золиослон томуутаж сүргээрээ сүйрч байгаа шувуунууд маргаашийн хүн төрөлхтний дүр зураг болж магадгүй болоод сандралдаж байна. Дэлхийн нэгдүгээр дайнд 8 сая хүн үрэгдэж л дээ, тэгсэн чинь дайны дараахан дэгдсэн Испани гаралтай томуу яах ийхийн зуургүй 20 сая хүнийг аваад явчихсан гэдэг. Пуужин чиглүүлээд сүрдүүлж болдоггүй, цүнх дүүрэн доллараар хахуульдах аргагүй болохоор гайтай түйтэй өвчин тахал, байгалийн гамшигууд жинхэнэ аюул байх л даа. Тайландад нэг хүн чад хийсэн… Маш хурдан хувирч үржээд, хvнээс хvнд халдаж, тахал шинжтэй болж магадгvй хэмээн бvгд тvгшиж байгаа Н5N1 вирусаас сэргийлэх энгийн нэг арга нь гараа сайн угааж байх гэж эмч нар зөвлөж байна лээ. Орос, Хятадад (тэр дундаа Өвөрмонголд)шувуу үхсэн тохиол бүртгэгдсэн шүү, нисдэг террористуудыг яаанийй.

Саддам ахыг цовдлохоор шүүх хурал зарласан ч 40 хоногоор хойшлох шив. Анх үй олноор хөнөөх химийн зэвсэг нууж байна гэж буруутган 21-р зууны Хитлер байж болох энэ дарангуйлагчыг унгаахаар АНУ дайрсан ч одоо түүнийг яллах 9 зүйл заалт нь 74-91 оны хооронд үйлдсэн үндэстний цөөнхийг нухчин дарж байсан тухайд байна. Магадгүй эргээд харахад шогтой юм шиг, саяхан сонгуулиар дэмжигдсэн шинэ Үндсэн хуулиар хуваагдан бутрах нь гарцаагүй боллоо гэж зөгнөгдөөд байгаа Иракийг хүчээр ч болтугай нэгтгэж байсан энэ улсын удирдагч дэлхийн тавцанд харин аймшигт дарангуйлагч гэхээсээ улс төрийн тоглоомын хүүхэлдэй ч шиг. АНУ үнэхээр л санаа зовсон бол их гүрний нөлөөгөө НҮБ мэтээр дамжуулж ашиглаад явсан бол ядахнаа хойшид нэр төртэй байхсан. Одоо гэтэл Америкчуудын хамгийн их толгой өвдөж байгаа асуудал нь Иракийн сунжирсан дайн болоод байгааг энэ долоо хоногт явуулсан олон нийтийн санал асуулга нь харуулж байх жишээтэй. Саддам ч овоогоо босгож, Буш ч шаазгайгаа илгээж дээ. Ямар үр дүнд хүрэв ээ гэдэг л чухал юм даа.

Хүмүүс өөрсдийгөө ертөнцийн төвд тавьсаар байгаад дасчихаж дээ. Хvн муурнаас харшилж, багтраа євчтэй болдог гэж үздэг байсан чинь Шотландын эмч нар муур хүнээс харшилж багтраатдаг гэж тогтоосон нэг хөгийн мэдээ байна. Муурнууд муурны эрхийг хамгаалах төвдөө хандмаар юм.

Хvний уураг тархи нь “хєдлєшгvй тогтсон” генетикийн бvтэц биш гэнээ. Уураг тархины vйл ажиллагааны vр нєлєєг дээшлvvлэхэд ген онцгой vvрэгтэйг шинэ генvvдийн тархаж байгаа хурд нь харуулж байна гэсэн дvгнэлтийг америкийн Чикаго хотын эрдэмтэд хийжээ. Генээ сайжруулахаар өнөөдрөөс гүрийсүгэй, эс тэгвэл муудаж бас мэдэх нь.

Монголоор юутайг сургалсан чинь дахиад нэг ДОХ-чин! 14 дэхь нь юм байх. Улаанбаатар маань шинэ мэртэй болсон байна. Хогноосоо л салаасай билээ. УИХ хавиар татварын нэг шатлалтай болгочих уу яахуу гээл үзээд байгаа болтой. Тэртэй тэргүй яаж ч өөрчилсөн одооныхоос дордоно л гэж лав байхгүй биз. Татвараа гэж…

Энийг бичиж байхад 80 үйл явдал өнгөрчихөж… 🙂 Болиийй, ерөөсөө явж унтлаа.

1 Comment

  1. iga, mash ih medeelliig neg dor shyyrhai ugsun chinii chadvariig unelj bas talarhjiina!
    Rammy Mongol-d 5-han tsag bolson gej unen uu? Tiim bogino hygatsaand yu yarij amjyylsan bol?
    Bird flu-g manai government seriousnii avch uzej chadaj baina yy? Tsuuhun hun amtai, Asia tivd orshdog, illness prevention-ii program development myytai g.m asar riskend baidag ychir uneheer government nyhatstai arga hemjee avaasai gej shaardmaar baina.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *