Ich bin ein Berliner

Энэ жил шинэ оныг үлгэрийн юм шиг Берлины таксинд угтлаа. Ер нь 2005 он янзан бүрийн адал явдлаар дүүрэн байлаа шүү, дээрээс нь тун дурсамжтай байдлаар өндөрлөлөө. 31-ний шөнө бидний хэдэн нөхөд шинэ жилийн баярыг ориг Берлинеруудтай хамт Бранденбургын хаалганы хажууд тэмдэглэх гэж зүтгэсэн биш явсаар байгаад замдаа 12 цаг болгочихсон юм. Асар Синдерелла стилийн үдэш байсан л даа, цагтай уралдаж, яарч сандралдаж, янзан бүр болж энэ тэр… Ямар ч байсан таксины жолооч ахад бид хэд их хань болсон байхаа. Хөөрхий минь, биднийг хүргэж өгчихөөд он солигдох мөчид ганцаараа байна гэж байсан хүн хэдэн галзуу Монгол охидтой хамт баяр тэмдэглэж баяссан биз гэсэн, 😀

Берлинеруудын шинэ жилийн баярыг тэмдэглэдэг ёс их сонин санагдсан. Гаруудыг учиргүй салют буудуулахыг нь хараад яагаад Германчууд Дэлхийн Хоёрдугаар Дайныг эхлүүлэх болсныг хальт ойлгох шиг болсон. Нэг их түрэмгий, харгисдаа бус, тэсэрч дэлбэрдэг зүйлд их дуртай болохоороо л дайныг хальт cool гэж бодсон юм шиг байна лээ. Шинэ жилээр л нэг нар нь гардаг бололтой, том жижиггүй салют буудуулж хөөрөлддөг наасан. Энд тэнд л тус тас, пир пар хийгээд үнэн дарамттай юм билээ, хальт “юу билээ, хаанахын террор вэ” ухааны юм бодож байгаа юм чинь… Ядаж байхад Нью Йоркийн синдромтойг хэлэх үү, сав л хийвэл сандраад хэцүүдсэн.

Хүмүүсийн хувьд Берлинерууд ерөнхийдөө ааш зан сайтай, найрсаг юм билээ. Асар сэтгэлээрээ, юу юугүй туслачих гээд л… миний төсөөлж байсан хүйтэн харцтай Германчууд бол худлаа стереотип мэт санагдсан. Гэхдээ Америкаас Германд ирэхэд Америкийн бие хүн төвтэй, хэт индивидуалист нийгэм Германы нийгэм төвтэй байдлаас их ялгаатайг мэдрэх шиг болов. Германчууд зөвхөн дүрэм журмын хүрээнд ажиллаж амьдардаг бол Америкт хувь хүнээс их зүйл шалтгаалах жишээтэй. Энэ утгаараа Америк яах аргагүй эрх чөлөөний орон шүү. Мэдээж бүхэл бүтэн нийгмийг ийнхүү хэт ерөнхийлсөн байдлаар томъёолох нь буруу байх л даа, гэхдээ ийм сэтгэгдэл төрөх нь төрсөн, буруу зөв эсэхийг нь мэдэхгүй юм.

Анхны удаа Германд очиж үзсэн биш их сонирхолтой л байлаа. Гэхдээ юу юугүй Улаанбаатарлуу яараад байсан болохоор Берлин нүдний өмнө зурайгаад л өнгөрөх шиг болов. Гэвч Улаанбаатар маяг байна шүү…

Continue Reading