Утсаа хаясан хүний өчил

Идэвхтэн блогчин байх үедээ хаана л урлаг уран сайхан, уулзалт семинар, шоу тоглолт, үзэсгэлэн худалдаа байна, түүнийг очиж сонирхдог байлаа. Тухайн үед Улаанбаатарт шинэ соргог зүйл зохиогдох нь ч цөөн байсныг хэлэх үү, татлаа түтлээгүй завтай байсныг ч хэлэх үү, шар сонины сэтгүүлч аятай л явдаг байв. Мэдэхгүй чадахгүй ч юм гэж байхгүй, хотын тэн хагасыг жич таних нь холгүй сүр дуулиантай амьдардаг байж.

Сүүл рүүгээ ажил амьдралдаа дарагдсан уу, аль эсвэл залхаж орхисон уу, орж гарах маань цөөрч, нэг л мэдэхэд оройдоо гэртээ харьж галзуу ганц кино үзчихээд унтдаг хүмүүсийн нэг болох нь тэр.

Хүн л болсон хойно, энэ хэв маягаасаа ч залхаж эхэлдэг юм байна. Үе үе өглөө сэрээд “Паах, би гуч гарчихсан шт! Ингэж уйтгартай амьдарч болно гэж үү!” гэх мэтээр огцом сандарч, тэр өдөртөө л хэрхэн яаж адал явдалтай учрах талаар эргэцүүлэн бодно. Нэг өдөр муу хуучин блогоо тоосыг нь гөвөөд янзлаад тавьчихлаа. Маргааш нь ганц нэг хуучны танилуудаа Фэйсбүүктээ нэмээдэхлээ. Аль арав гаруй жилийн өмнө үзэж байгаад хаясан Хятад хэлний курст бүртгүүлчихлээ. Үе үе ууланд авирах, гольф тоглох, Африк руу нүүх талаар мөрөөдөж, онгоцны билет сураглах нь холгүй юм болно.

Тэгж байтал гадаа нар гарах, дуртай дэлгүүр хямдрал зарлах гэх мэт аахар шаахар зүйлст сатаарч, хэсэг дэвнэ.

Энэ долоо хоногт харин овоо хүн шиг байлаа шүү. Нэг дэх өдөр ажлаа тараад гоо сайхандав. Гурав дахь өдөр Чойжин ламын сүм музейд Морин хуурын чуулгын тоглолт үзэж, хийдийн хашаанд вино шимж суун урлаг уран сайхан, шоу болон хов базалтыг хослуулав. Тав дахь өдөр уулзалгүй удсан танилтайгаа үдийн зоог барьлаа. Харин өнөөдөр (хагас сайнд) Чинбаатарын (намууд учраа олтол хувьдаа төв талбайг ингэж нэрлэхээр шийдсэн) талбай дээрх Номын баярыг сонирхов.

Хоёр тор дүүрэн ном аваад аз жаргалтай гэгч нь алхаж байтал гэнэт халаас хөнгөрсөн мэт санагдаад хартал хөөрхий утас минь сураггүй болсон байв. Интерномын асар дээр хүүхдийн ном харж байх зуур л амжуулсан бололтой, яах аргагүй мэргэжлийнхний ажил. Монголчуудын балмад бүдүүлгийг зүхэж, өөрийнхөө хайхрамжгүй мангарыг гайхаж хэсэг зогссоны эцэст утсаа суйлуулсантай эвлэрэв (энэ жигтэй явдал шинэ iPhone худалдаанд гарах мөчтэй яг цав давхцсан нь гарзыг танагтайхан шиг хүлээн авахад тусалсан нь гарцаагүй).

Гар утасгүй хорин минут болоход л биеийн аль нэг эрхтэн дутуу мэт оргиж, үе үе халаасаа тэмтрэх рефлекс идэвхжиж эхэлсэн ба над руу залгах магадлалтай хүмүүс рүү хүний утас гуйж ярьмаар ч юм шиг санагдаад нэг л тавгүй болчихлоо. Гэрт хуучин утас маань байгааг санаж, хурдхан шиг харихын түүс болов.

Харин харих замд гудамж талбай, гадуур алхах хүмүүс, байшин сав харсан шиг ээ явах таалагдаж эхлэв. Машинд зорчигчийн суудал дээр суусан л бол утсаа ширтээд суучихдаг хүн чинь хоттойгоо харин ч нэг танилцах шиг боллоо. Фэйсбүүк дээрх хэрэгтэй хэрэггүй реклам, Инстаграм дээрх танихгүй шахуу хүмүүсийн фильтердсэн амьдрал, Твиттерийн эцэс төгсгөлгүй улс төржсөн цэцэрхэлтээс хэсэгхэн зуур ч гэсэн хол байх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай зүйл болохыг олж мэдэв. Эрх чөлөө гэж энэ буюу!

Эцсийн эцэст сүүлийн таван жил огт уулзаагүй дээхэн үеийн танил маань таван минутын өмнө чухам юу бодсныг мэдсэн ч яалаа, байсан ч яалаа.

Гар утасгүй хүн чинь гэртээ ирээд блог руугаа хүртэл шагайдаг юм байгаа биз дээ… Хөөх, хуучин утасны backup restore маань ашгүй дуусчихаж, баяртай!

Психотүүхийн золиосууд

Би өөрийгөө чамгүй сайн уншигч гэж бодох дуртай ч, чин үнэндээ сүүлийн хэдэн жил огт ном уншсангүй гэхэд хилсдэхгүй. Уншдаг зүйл маань мэргэжлийн шинж чанартай ном зохиол, судалгааны ажил, сонин сэтгүүл зэргээр хязгаарлагдах болоод уджээ. Харин энэ зун овоо олон хоног зуслан дээр өнгөрүүлснийг хэлэх үү, эргээд уншиж эхлэв.

Ойрд уран зохиол уншаагүй болохоор аль болох хөнгөн төрлөөр эхэлье гэж бодоод Азимовын “Foundation” цувралыг барьж авлаа. Хар багаасаа л science fiction буюу уран зөгнөлт зохиолд маш их дуртай байсан болохоор энэ төрлөөс эхэлсэн нь дээр гэж бодов. “Foundation”-ыг нь урьд нь уншиж байсан ч, бараг л мартагдсан байлаа, тэгээд ч энэ удаад зохиолчийн өөрийнх нь санал болгосон дарааллаар буюу хэвлэгдсэн дараалал бус, зохиолын он цагийн дарааллаар уншив.

Бага байхдаа сансрын нислэг, робот гэх мэт зүйлст нь сатаардаг байсан бол энэ удаад зохиолыг улс төрийн өнцгөөс харах шиг болов. Аргагүй ч биз, сонгуулийн дуулиан дарагдаагүй байсан үе. Хари Селдон психотүүх хэмээх шинжлэх ухааныг бодож олоод зогсохгүй түүнийхээ ололтод тулгуурлан дайн дажингүй төгс нийгэм байгуулах зорилго тавьдаг. Коммунист шахуу оролдлого. Нийгмийн амьдрал олонлогийн хуульд захирагддаг, олонлог хаашаа явж, юу хийхийг урьдчилан таамаглах боломжтой гэж буй боловч Селдон кризисийг даван туулахын тулд хэн нэгэн хүчтэй хувь хүн зайлшгүй байж таардаг нь сонирхолтой.

Бүхэл бүтэн огторгүй ертөнцийг битгий хэл гуравхан сая хүн амтай нэг улсыг зөв замаар залж явах ямар хэцүү болохыг бид хангалттай үзэж байна. Наад зах нь, эдийн засгийн оновчтой бодлого боловсруулахын тулд эдийн засгийн онол, санхүүгийн мэдлэг шаардлагатайгаас гадна хүмүүсийн хүлээлтийг зөв удирдах хэрэгтэй буюу иргэн бүр дор бүрнээ зөв шийдвэр гаргаж байж нийтээрээ урагшлах нөхцлийг бүрдүүлнэ. Хэдэн нягтлан бодогч нийлчихээд баланс барих гээд зүтгээд байвал юу болдгийг сүүлийн хоёр сар харуулах шив.

Эдийн засагч Пол Кругман 2012 онд Английн Гардиан сонинд Азимовын Foundation цувралын талаар ийн бичжээ:

https://www.theguardian.com/books/2012/dec/04/paul-krugman-asimov-economics

Шинэ дэвтэр

Шинээр эхлэх боломж олгодог болохоор хүмүүс шинэ жилд дуртай байдаг. Харин миний хувьд шинэ жил гэхээсээ илүүтэй хичээлийн шинэ жил буюу 9-р сарын 1 хамгийн гоё санагддаг байж билээ. Цоо шинэ дэвтэр нээгээд ямар нэгэн шинэ зүйл сурах… сүүлийн хэдэн жил мэдрээгүй мэдрэмж.

Энэ жил миний хүү анх удаа цэцэрлэгт явна. 9-р сарын 1-ний сургаар би л хамгийн ихээр догдлож байх шиг. Амьдралыг арай өөр өнцгөөс харах боломж. Хүүтэйгээ хамт бүх зүйлийг цоо шинээр сурах боломж.

9-р сарын 1 болох гэж байгааг далимдуулаад таван жил оролдоогүй блогоо сэргээчихье. Шинэ дэвтэр л гэсэн үг…

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй

Ёстой л isn’t it ironic гэдэг нь болсон байх шив дээ. Учиргүй ажил төрлөө төлөвлөж, өдөр бүр Remember the milk болдог баатар болох чин хүсэл эрмэлзлээ тунхаглаж, амьдралаа шинээр эхлэх нь холгүй юм болж, сүр бадруулсан биш сүүлийн гурван сарын туршид юун сүү, юун Бодрол… Санаа зовчихлоо байна.

Гэснээс….. НИСВАНИС мандтугай, ура!

nisvanis13thnews

Нисванис жил бүрийн 4-р сарын 9-нд тоглолт хийдэг ч, мань мэт нь жил бүр очно гэж боддог ч, явж явж арван гурван жилийн дараа тэдний тоглолтыг нэг юм үздэг юм байж…  Гэхдээ үзэх гэдэг үг “Нис нис фест”-ын хувьд арай зөөлдөх байхаа, шоконд орох гэвэл таарна. Хамт явсан хүмүүсийн хэлснээр, “УБ-т ийм далий нөхдүүд бас байна аа?!”, “Би амьдралдаа анхны удаа ийм олон урт үстэй эрчүүдийг нэгэн зэрэг харлаа”, “Гарууд бүжиглээд байна уу зодолдоод байна уу?”, г.м. Ямар ч байсан нэг зүйл тодорхой. Нисванис Монголын цорын ганц жинхэнэ фэнүүдтэй хамтлага юм байна. Янзан бүрийн болсон болоогүй гарууд “бид фэнүүддээ хайртай” гэж ирээд л зурагтаар ярихад нь гайхаад байдаг байсан юм, гэхдээ Амгаа эд нар бол үнэхээр тэгж ярих эрхтэй хүмүүс болж таарлаа. Respect.

Сүүлийн үед Монголд амьд хөгжмийн хамтлагууд асар олширч, мань мэт нь хооронд нь ялгаж салгаж чадахаа байсан биш өнөөдрийн тоглолт дээр нэгэн зэрэг нэлээн олон хамтлагыг сонсчихдог юм байна. Булсара, The Lemons, Аясын салхи, Fire, L-Guards, Моханик, Joker’s wild, Зүгээр л, Сүндэрья, Greenwood, өөр хэн хэн ч гэлээ (ямар ч байсан 13 хамтлага байсан гэсэн) – бүгд Нисванисын дуунуудаас дуулцгав. Гарууд балай авсаан, мань мэт шиг рок тоглолт үзэж сураагүй хүмүүс soundcheck хийж байхад нь хүртэл баясаж ирээд л, жинхэнэ соёлын шоконд оров. Хамгийн таалагдсан хамтлага гэвэл “Зүгээр л” байлаа, ядаж байхад дуучин залуу нь их “зүгээр”. Sunsilk шампуний рекламанд тоглодог мисс хүүхнүүдээс илүү гоё урт шулуун үстэй, жинхэнэ рок хамтлагын стереотип дүр төрхийг яруу тодоор бүрдүүлсэн хэдэн туранхай залуучууд гарч ирснээ учиргүй hardcore юм тоглоод эхэлтэл гайхсан гэж. Өнөөх дуучин залуу нь зүв зүгээр зогсож байснаа гэнэт металл маягын хоолойгоор дуулж энэ тэр… куул гарууд байна лээ, хувиараа шүтсэн, 13 жилийн дараа төрсөн өдрийн тоглолтод нь очих юм шүү. Гэснээс, хамтлагын нэр бас их чухал юм аа, Fire гэх мэт түгээмэл нэртэй гаруудыг цээжлэхгүй байгаа юм, харин Моханик энэ тэр гэхээр нь учиргүй анзаарч ирээд л, тэгэхээр аль болох өвөрмөц хэрнээ хялбар нэртэй байх ёстой юм уу даа.  Гэхдээ зарим нэг гарууд шиг асар содон нэртэй ч, хүн аймаар тоглодог бол бас хэцүү…

Хамтлагууд ч яахав, тайзан дээгүүр баахан үсчиж, орилж байгаад яваад орчихож байгаа юм. Гэтэл үзэгчид нь яаваа? UB Palace-ын Royal танхим гэдэг нь эгнээ суудлуудтай, бас босоо талбайтай болохоор иймэрхүү тоглолтуудад хамгийн тохиромжтой нь болтой. Маниус ч яахав, наян рок гаруудын дунд гариг андуурсан царайлсандаа бантаад шууд арын эгнээнд нь суучихаж байгаа юм. Гарууд тэнд балай авч байна аа, бүжиглэж бариад л… Нисванисыг гарч ирэх гэсээр байтал зарим нэгэн нөхдүүд аль хэдийн тайччихсан энэ тэр, юу болов оо. Ядаж байхад зааланд нь “пиав” зараад байгаа юм \гэснээс, Тайгер иймэрхүү зүйл их спонсорлох юм аа, гарууд ч Тайгерыг сайн рекламдах шиг болсон\… Пиав ч яахав, байж болох юм, гэтэл хажууд сууж байсан гарууд юу юугүй тамхи татаад эхлэх юм. Анхны удаа тамхи татаж концерт үзэхийг харав, сонин л юм билээ. Гэснээс, Нисванисын фенүүд гэж ёстой төрөл бүрийн хүмүүс байна аа. Мэдээж өнөөх stereotypical савхин хүрэмтэй, урт үстэй рок залуус байж таарна, дээрээс нь хөөрхөн гүзээтэй гуч дөч гарсан ах нар, жоохон охидууд, мөн мань мэт шиг гариг андуурсан гарууд…

8 өнгөрч байхад эхэлсэн тоглолт 11 гэхэд ид халж, тэр үед Нисванис гарч ирэв. Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ… Даанч төд удалгүй мань мэтийн виз дуусаж, гэрийн зүг сажлав. 13 жил хүлээснийх яах аргагүй кайфтай байсан.

Бид ганц нэг зураг авахыг оролдсон нь нэг иймэрхүү. Гэхдээ заалаар нэг асар том том дурантай мэргэжлийн аппараттай нөхдүүд суучихсан зураг дараад байсан болохоор хэд хоногоос Flickr-ээр нэг Нисванисын зураг байх байлгүй, 😛

Нис нис

I heart Nisvanis

Гарууд балай авч буй нь (video)

P.S.: Галсансүх 90-ээд оны Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар: “Нисванисын анхны тоглолтыг зохион байгуулаад, мөнгийг нь төлж чадахгүй тайзны ард зодуулаад, бла бла… тухайн үед Ариунаа бол зүгээр л нэг муу солир пидда байсан” — Паласын коридорт нэг иймэрхүү яриа өрнөв.

Remember the milk!

Мань мэт шиг хувийн зохион байгуулалт муутай хүмүүс хийх ажлаа төлөвлөж, мартчихгүйхэн шиг амжуулах гэж хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, гар утасныхаа санамжийг дүүргэж, энд тэнд баахан Post-it нааж ирээд л сүйд болдог хэрнээ заавал ямар нэг зүйл орхигдуулж, сав л хийвэл баларчихсан явж байдаг наасан… Наад зах нь хими цэвэрлэгээнд баахан юм өгчихөөд авахаа мартаад ная хонуулчихаж байгаа юм. Ажлын төлөвлөгөө, to do list-ээ онлайн хөтлөх аятайхан application хайж суутал Remember the milk гэдэг нэг хөөрхөн сайт оллоо. Task-уудаа ангилах, priority-г нь тогтоох, tag өгөх, хүн амьтанд явуулах гэх мэт аятайхан боломжуудтайгаас гадна цаадуул чинь чамд “Тэр ажил чинь болохоо байлаа” гэж ирээд л и-мэйл, мессенжер, смс гэх мэт төрөл бүрийн сувгуудаар сануулж, дарамталдаг болтой юм. Над мэтийн мартамхай нөхдүүдэд хэрэгтэй л юм шиг байна \төд удалгүй password-оо мартчихгүй л бол…\

rememberthemilk

PS: Одоо procrastinate хийж, залхуурч суухгүй байх арга бодоод олчихвол жинхэнэ балай авах гээд байна даа, нэг тийм тархинд чип энэ тэр суулгадаг технологи гарахгүй юм байх даа, 😛

George W. Bush бичиг үсэг тайлагдсан уу?

Сүүлийн найман жилд хөөрхий муу Dubya-г янзан бүрээр л гоочлох шиг болсон. Тэнэг л гэнэ, мангуу л гэнэ, бараг л бичиг үсэг тайлагдсан эсэхэд нь эргэлзэж ирээд л… Тэгсэн түүний зөвлөх асан Karl Rove саяхан Wall Street Journal-д Буш бичиг үсэг тайлагдсан төдийгүй нэг жилд 95 ном уншдаг байсан талаар бичжээ.

Mr. Bush’s 2006 reading list shows his literary tastes. The nonfiction ran from biographies of Abraham Lincoln, Andrew Carnegie, Mark Twain, Babe Ruth, King Leopold, William Jennings Bryan, Huey Long, LBJ and Genghis Khan to Andrew Roberts’s “A History of the English Speaking Peoples Since 1900,” James L. Swanson’s “Manhunt,” and Nathaniel Philbrick’s “Mayflower.” Besides eight Travis McGee novels by John D. MacDonald, Mr. Bush tackled Michael Crichton’s “Next,” Vince Flynn’s “Executive Power,” Stephen Hunter’s “Point of Impact,” and Albert Camus’s “The Stranger,” among others.

Мань хүн Монголд 2005 онд ирсэн санагдаж байна, соёлын шоконд ормогцоо хариад Чингис хааны талаар уншихаар шийдсэн болж таарч байна аа даа, 😛 . Камю уншдаг, бас л cool нөхөр болж таарлаа… Бас болоогүй:

Each year, the president also read the Bible from cover to cover, along with a daily devotional.

Манай ерөнхийлөгчийн reading list ямар юм байх бол? Эрхбиш утга зохиолын мэргэжилтэй хүн байна, янз бүрийн юм уншдаг байлгүй дээ. Хэрэв би буруу санаагүй бол Энхбаяр залуудаа Гоголийн зохиолуудаас орчуулж байсан байх шүү, гэхдээ уншаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Харин манай Ерөнхий сайд тээр жил “Танайд хоноё” нэвтрүүлгээр миний сүүлийн үед уншиж буй ном гээд нэг покерын гарын авлага үзүүлээд байсан уу, яасан…

Оросын Ванга буюу битва экстрасенсов

Игорь Панарин гэгч нэгэн Орос политологич АНУ ойрын хугацаанд задрах болно гэсэн таамаглал дэвшүүлж, “15 minutes of fame”-аа эдэлж байгаа бололтой.

Түүний таамгаар, АНУ-ын санхүүгийн хямрал нь улс төрийн хямрал болон хувирч, улмаар иргэний дайн дэгдэж, АНУ задрах болно гэжээ. Харин задарсан АНУ-ын муж улсуудыг Хятад, Орос тэргүүтэй улсууд дараах байдлаар хувааж авах юм гэнэ:

Тэрээр энэхүү таамгаа анх 1998 онд олон нийтэд зарлаж байсан бөгөөд АНУ-ын задрал 2010 онд явагдана гэсэн нь сүүлийн үеийн санхүүгийн хямрал, бусад асуудалтай уялдаж, одоо л хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм байх. Түүнийхээр бол,

[В США] растет недовольство, и пока его сдерживали только выборы и надежда на то, что Обама совершит чудо. Но уже к весне станет ясно, что чуда нет.

Wall Street Journal-д тавигдсан нийтлэл, Известия сонины Панаринтай хийсэн ярилцлага

PS: Гуравдагч хөрш маань байхгүй болчихвол бид чухам яанаа гэсэн, 😛

PPS: Өмнөх бичлэг дээрх янзан бүрийн луйварын түүхийг хэт близко к сердцу хүлээж авбал АНУ дампуурлын ирмэгт ирээд байна гэдэгт итгэмээр л болж ирж байна шүү.

Once upon a time in America

Монгол улс л чухам авилгалд баригдсан ба хэн хүнгүй хахууль өгч авалцдаг гэж яриад л байдаг. Америкууд манайд ирж хэрхэн яаж хариуцлагатай төр байгуулах талаар уйггүй семинардаж, сургаж ирээд л сүйд болоод байсан яасан байхав, өөрсдөө тийм ч ариухан амьтад биш болж таарлаа…

Иллиной мужийн амбан захирагч Благоевич гэж агуу авилгачин нөхөр байна, очиж очиж Обамагийн Сенатын суудлыг дуудлага худалдаанд оруулахыг завдана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Юун Аалзны тор, их өр. Ядаж байхад асар гүргэр, сайн дураараа огцрохгүй гүрийж энэ тэр, ичих ч үгүй шинэ Сенаторыг томилж, хэвлэлийн бага хурал хийж бааварлаад л… мань нөхөр Монголд ирж семинардвал ямар их амжилт олох болоо. Хэн нэгэн баагий хэн их мөнгө амласанд Сенаторын суудлыг зарахыг завдаж байхад юун Америк маягийн ардчилал, юун Эрх чөлөөний хөшөө.

Благоевичийн дуулиан тасраагүй байтал Мэйдоф гэх түүнээс нэг их дутахааргүй луйварчин нөхөр илчлэгдэж, нэг хэсэг сүр дуулиан болох шив. Урьд нь санхүүгийн пирамид маягийн луйврыг Понзи схем гэж амбасын үеийн нэгэн луйварчны нэрээр нэрлэдэг байсан бол сүүлийн үед Мэйдоф схем гэж ярьдаг болох шинжтэй. Хэдэн ч тэрбум доллар нохойн замаар оруулсан гэнэ вэ, хажууд нь өнөөх Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг хүүхдийн тоглоом болж таарав. Их гарын луйварчид шал өөр байдаг юм байна. Ядаж байхад зууны луйварын эзэн нь хэд хэдэн буяны байгууллагын тэргүүн, хүндэт гишүүн, нийгмийн тулгуур багана болсон хүн байж байдаг.

Нийгэм хөгжих тусмаа хээл хахууль нь хүртэл улам бүр боловсронгүй болдог шинжтэй. Америк ч бай, Монгол ч бай, хүмүүс л болсон хойно луйварчид ч олон, гэгээнтнүүд ч цөөнгүй байдгаас хойш… Бүгд л адилхан юм даа.

Манай Авлигатай тэмцэх газрынхан АНУ-д очиж семинардвал таарна, 😛